ТОКИО-2020: Олимпын цагариг шивүүлсэн 10 тамирчин

Дэлхийд | Спорт
anudaritsagaan@gmail.com
2021-07-26 17:56:01

ТОКИО. /SCMP/. Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын наадамд оролцох нь дэлхийн олон орны тамирчдын хувьд насан туршийнх нь мөрөөдөл байдаг. Тиймээс дэлхийн тивүүдийг төлөөлдөг Олимпын таван цагаригийг тамирчид өөрсдийн биедээ шивүүлсэн байх нь гайхах зүйл биш юм.


“Токио-2020” зуны Олимпын наадам тамирчдын хийлгэсэн Олимпын цагариг бүхий шивээсийг дахин харах боломжийг бидэнд бүрдүүлж байна.


Ийнхүү Олимпын наадмын цагариг шивүүлсэн онцлох 10 тамирчныг танилцуулж байна.

 

Сиобхан Хаухи



Усан сэлэлтийн тамирчин Сиобхан Хаухи бол Хонконгийн хувьд Олимпын медалийн найдвар болсон тамирчин юм. С.Хаухи нь “Рио-2016” Олимпод оролцож, 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж байсан туршлагатай. Тэрбээр энэ төрөлдөө 13 дугаар байр эзэлж байсан ч Хонконгийн усан сэлэлтийн тамирчдын хувьд Олимпод үзүүлж байгаагүй хамгийн сайн үр дүн байв. Тэр жилдээ С.Хаухи Олимпын таван цагаригийг зүүн мөрөн дээрээ шивүүлж, инстаграм хуудсандаа нийтэлж байжээ.


Кайл Чалмерс



Австралийн усан сэлэлтийн тамирчин Кайл Чалмерс “Рио-2016” Олимпын наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа гурван шивээс хийлгэжээ. Тэрбээр, “Би хавирган дээрээ Олимпын таван цагаригийг шивүүлж, бугуйндаа Ром тоо шивүүлсэн. Риогийн Олимп нь 31 дэх удаагийн Олимпын наадам байсан тул би тэр тоог нь шивүүлсэн. Дараа нь “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэсэн Олимпын уриаг гарынхаа шуунд шивүүлсэн” гэжээ.


К.Чалмерс нь “Рио-2016” Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэхдээ дөнгөж 18 настай байжээ. Түүнчлэн 2019 онд 100 метрийн чөлөөт сэлэлтийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоо “Рио-2016” Олимпын алтан медалиа хамгаалахаар “Токио-2020” зуны Олимпын наадамд өрсөлдөж байна.


Брейди Эллисон



Брейди Эллисон бол Америк гаралтай нум сум харваач бөгөөд 2008, 2012, 2016 оны Олимпод оролцож байсан туршлагатай, гурван удаагийн медальт тамирчин юм. “Рио-2016” Олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тэрбээр анхны алтан медалиа “Токио-2020” зуны Олимпын наадмаас авахаар өрсөлдөж байна.


Ванесса Феррари



Итали гаралтай уран сайхны гимнастикч Ванесса Феррари нь ДАШТ-ний таван удаагийн медальт, Европын найман удаагийн медальт тамирчин юм. Тэрбээр Итали улсыг төлөөлөн өнгөрсөн гурван удаагийн Олимпын наадамд оролцсон бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд өрсөлдөхөөр болжээ. В.Феррари хүзүүнийхээ ард талд Олимпын таван цагаригийг оролцсон Олимп бүрийнхээ хамтаар шивүүлсэн байна.


Жозеф  Скулинг



Сингапурын усан сэлэлтийн тамирчин Жозеф Скулинг “Рио-2016” Олимпын наадмаас алтан медаль авсныхаа дараа Олимпын таван цагаригийг баруун гаран дээрээ шивүүлжээ. "Рио-2016" зуны Олимпын наадамд 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрлөөр Сингапур улс анх удаа алтан медаль хүртсэн юм. Түүний 50.39 секундын ялалтын хугацаа нь үндэсний болон Олимпын түвшинд олон дээд амжилтыг эвдсэн бөгөөд тэрбээр өөрийн бага насны шүтээн, усан сэлэлтийн домог болсон АНУ-ын тамирчин Майкл Фелпсийг ялжээ.


Мишель Коулман



Шведийн тамирчин Мишель Коулман 2012, 2016 оны Олимпын наадамд оролцож байсан бөгөөд Олимпын таван цагаригийг шуундаа шивүүлжээ. Тэрбээр 100 м, 200 м-ийн араар сэлэлтийн төрөлд Шведийн үндэсний дээд амжилтыг эзэмшдэг байна. Мөн тэрбээр 2015 оны ДАШТ-д 4х100 метрийн холимог буухиа сэлэлтийн төрөлд Шведийн багийг мөнгөн медаль авахад хувь нэмрээ оруулжээ.


Стефани Ау Хой-Шун


Хонконгийн усан сэлэлтийн тамирчин Стефани Ау Хой-Шун бол Хонконгийн олон удаагийн дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. Тэрбээр 2008, 2012, 2016 оны Олимпод тус тус оролцож байсан бөгөөд “Токио-2020” зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсныхаа дараа Олимпын таван цагаригийг хавирга орчимдоо шивүүлжээ. Энэ удаагийн наадам нь түүний хувьд дөрөв дэх, магадгүй сүүлчийн Олимпын наадам болж буйгаараа онцлог юм.


Жоана Хейдрих



Швейцарын эмэгтэйчүүдийн далайн эргийн волейболын тоглогч Жоана Хейдрих өөрийнхөө оролцсон анхны Олимпын наадмыг илэрхийлж, хавирга орчимдоо “Рио-2016” гэсэн шивээс хийлгэжээ. Тэрбээр “Рио-2016” Олимпын үеэр эхний тойрогт Бразилын багт хожигдсон боловч илүү сайн үр дүнд хүрэхийн тулд “Токио-2020” зуны Олимпын наадамд эргэн иржээ.


Анна Дерек



“Рио 2016” зуны Олимпод оролцож байсан Хорватын уран сайхны гимнастикч Анна Дерек "Токио-2020" зуны Олимпын наадамд оролцох эрхээ аваад байна. А.Дерек Олимпын наадам эхлэхээс өмнө Токио дахь Олимпын цагаригийн хөшөөтэй авхуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, Олимпын наадмыг зохион байгуулахад хичнээн хүндрэлтэй байсныг онцлон бичжээ.


Том Дэйли



Их Британийн усанд үсрэлтийн тамирчин Том Дэйли дөнгөж 18 настайдаа 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байжээ. Үүнийхээ дараа тэрбээр Олимпын таван цагаригийг гарын булчин дээрээ шивүүлсэн байна.

 

 

Холбоотой мэдээ