Б.Баттүшиг ОУОХ-ны хүндэтгэлийн медалиар шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-22 07:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг Япон улсын Токио хотод зохион байгуулж буй ОУОХ-ны 138 дахь чуулганд оролцож байна.

 

Тус чуулганы үеэр ОУОХ-ноос Б.Баттүшигийг ОУОХ-ны шинэ гишүүний хүндэтгэлийн медалиар шагнасан байна. Тэрбээр, 2020 онд 60 гаруй жилийн түүхтэй Монголын олимпын хөдөлгөөний түүхэнд 2020 онд нэгэн шинэ хуудас нээж, ОУОХ-ны гишүүн болсон 2 дахь Монгол хүнээр тодорч билээ. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны 136 дугаар чуулганд оролцогсдын олонхийн саналаар ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм.

 

Тухайн үед “Шинээр сонгогдсон гишүүдийн ур чадвар, туршлагын олон талт байдал нь ОУОХ төдийгүй олимпын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах онцлон дурдаж байлаа.



Б.Баттүшиг болон түүнтэй хамт сонгогдсон 4 шинэ гишүүнийг оролцуулан ОУОХ 103 гишүүнтэй болсон юм. Лондоны олимпийг Зохион байгуулах хорооны дарга, олимпын аварга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое, Хорватын ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар ийнхүү ОУОХ-д суудалтай болж байв. ОУОХ-ны засаглалын шинэчлэлийн гол чиглэл болох эмэгтэйчүүд болон залуучуудыг дэмжих бодлогын тод илэрхийлэл энэ нэр дэвшүүлэлт байсан юм.


Б.Баттүшигийн хувьд залуу үеийн төлөөлөл болон ОУОХ-ны гишүүнд нэр дэвшиж, 2025 он хүртэл сонгогдсон. Б.Баттүшиг 2018 оноос хойш ОУОХ-ны хамгийн нөлөөтэй комиссуудын нэг Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдож, улмаар улиран нэрлэгдсэн юм.

 

Хэрэглээ, зан төлөв, сонирхлын хувьд өмнөх үеэс ялгаатай шинэ үеийнхэнд илүү ойртож, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн олгож буй давуу талыг олимпын хөдөлгөөний сууринд шингээх нь ОУОХ-ны гол зорилго.


Б.Баттүшигийн хувьд олимпын хөдөлгөөнийг дижитал эрин үед шилжилт хийж, их тоон өгөгдөл, хиймэл оюун ухаан, AR/VR зэрэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гол зорилготой юм байна.

 

Тэрбээр ахлах сургуульд байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, NBA-д тоглох мөрөөдөлтэй байжээ. Харин Чикагогийн Их сургууль, Харвардын Их сургуулийг дүүргэн эх орондоо ирээд спорт, олимпизмын төлөө идэвхийлэн ажилласнаар ийнхүү ОУОХ-ны зүтгэлтэн болоод байна. Б.Баттүшиг Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг 2015 оноос сонгогдон ажиллаж  байгаа юм.



Холбоотой мэдээ