Японы студи, ОУОХ-ны бүтээсэн анимейшн удахгүй гарна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-07-19 16:13:10

ТОКИО. /NHK/. Японы студи, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хамтран бүтээсэн богино хэмжээний анимейшн киног баасан гарагт дэлгэцнээ гаргахаар болжээ.


Ponoc” студи, Олимпын соёл, өвийн сангийн бүтээсэн найман минутын анимейшн нь “Маргаашийн навчис” хэмээх нэртэй ажээ. Энэхүү киног найруулсан Момосэ Ёшиюки нь нэрт найруулагч агсан Такахата Исаогийн “Галт цохын булш” тэргүүтэй кинонд голлох үүрэг гүйцэтгэж байжээ.


Шинэ анимейшнд өөр өөр улс орны, өөр өөр соёл уламжлалтай таван хүүхэд нэгэн арал дээр үүссэн асуудлыг шийдэхээр хичээж буйг өгүүлнэ. Энэ нь Олимпын мөн чанарыг илтгэх юм. Мөн энэхүү киног дэлхийн өнцөг булан бүр дэх хүүхдүүдэд зориулсан тул хүүрнэл тайлбар болон харилцан яриа байхгүй ажээ.


М.Ёшиюки бүтээлийнхээ талаар хэлэхдээ, ирээдүйг бүтээн цогцлоох хүүхдүүдэд энэхүү киногоороо дамжуулан урам зориг өгөхийг хүссэн гэжээ. Мөн хүмүүс үзэх бүрдээ шинэ зүйлсийг олж харах учир олон үзэх тусам тэдэнд улам их таалагдана гэдгийг хэлжээ.


“Маргаашийн навчис” Токио хотын кинотеатрын дэлгэцнээ энэ баасан гаргаас ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна. Мөн албан ёсны цахим хуудсаар нь хүлээн авч үзэх боломжтой байна. 

Холбоотой мэдээ