Хачигт хазуулснаас хоёр хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-27 20:36:44

2016 он гарсаар Булган аймагт хачигт хазуулсан 16 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас барж,  2 хүн нь хүндэвтэр байна.

Ихэнх тохиолдол нь буюу 9 нь Булган аймгийн Бугат сумаас бүртгэгджээ. Ой мод шигүү ургадаг хойд сумдад хачиг их байдаг гэсэн судалгаа байдаг ба энэ хачиг хэмээх шавжийн голомтот газар нь Бугат сум юм байна. Бугат сумын хүн эмнэлэг дээр вакцин буюу хачигны эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлжээ. Гэхдээ хүн бүрт биш ажил мэргэжлийн онцлог бүхий мод үржүүлгийн ажилчид, тариаланчид, байгаль орчны хамгаалагч, байцаагч, малчдад хийж байгаа юм байна. Тус дархлаажуулалтыг 3 тунгаар хийлгэх бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш 1 сарын дараа давтан тунд хамрагдана. Харин 1 жилийн дараа 3 дахь тунг хийлгэж байж тухайн хүний биед хачигт халдварын дархлаа сууна гэдгийг аймгийн ЭМГ-аас санууллаа.

Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газраас хачигны голомттой ой мод шигүү ургасан газраар онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, зайлшгүй явах тохиолдолд битүү, тод өнгийн хувцас өмсөхийг анхааруулжээ. Мөн Бугат сумын Засга даргад анхаарал болгоомжтой байж, хугацаа алдалгүй иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байхыг үүрэгдсэн албан тоот илгээгээд байна.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ