Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км-ыг 10-15-нд бүрэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-09 09:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар өчигдөр сэтгүүлчдийн хамт Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын шинэчлэлийн байдалтай газар дээр нь танилцав. Замын бүтээн байгуулалтад 3 дахь удаагаа очиж буй тэрээр уг автозамын дэд бүтэц, газар шорооны ажил ахицтай явж байна хэмээн тодотгож байв. 

"Хүлээлт бий, яагаад гэвэл энэ чиглэлийн автозам нь нэгд, АХБ-ны болон Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны гэсэн зэрэгцээ автозамын 2 төсөл хэрэгжиж буй. Хоёрт, олон улсын чанартай энэ замыг 3-5 үеийн  хучилттайгаар нарийн технологийн дагуу тавьж байгаа тул үйл ажиллагаа ихтэй, бүтээн байгуулалтад цаг хугацаа шаардаж байгаа" хэмээн учирлаж байв. Тодруулбал, Засгийн газар 2018 онд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн автозамын хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг 4 эгнээ, хатуу хучилттай болгон өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм. 




Ингэснээр үндсэн ашиглаж байгаа 2 эгнээ замыг АХБ-ны "Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, засварлаж арчлах" төслийн хүрээнд эхний хэсэгт хуучин замыг нь өргөтгөн шинэчилж, улмаар ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтаар мөн шинээр нэмж 2 эгнээ, нийт 4 эгнээ автозамыг 5 багцад хуваан тавихаар төлөвлөн ажиллаж буйг дурдаж байв. Тэгвэл өнөөдөр тус замын бүтээн байгуулалт газар дээрээ ямар байдалтай байгааг ажлын гүйцэтгэлийн хувиар танилцуулвал, 

  • Нэгдүгээр багц буюу нийслэлээс баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын буюу 52-ын давааны ар тал хүртэлх 37.26 км замын ажил 85.43 хувьтай,
  • Багц 1-3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын ажил 88.91 хувьтай, 
  • Багц 1-5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 зм замын ажил 90.89 хувийн тус бүр гүйцэтгэлтэй байна.



Тэгвэл ажлын гүйцэтгэлийн хувиар тооцон тус замын эхний шинэчлэл хэзээ бүрэн дуусах цаг хугацааг тодруулья. Үүнд салбарын сайд, замын 3 болон 5 дугаар багцын автозамын хучилтыг бүрэн хийж дуусган 7 дугаар сарын 10-15-ны хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6 гэхэд 1 дүгээр багцын замыг нээсэн. Ингэснээр эхний төслийн 130 км зам бүрэн хатуу хучилттай болж байна. Үлдэх хэсгийн зам дагуу шороон замыг хусаж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. Энд замын түр тэмдэг, тэмдэглээ, усалгаа хэрэгтэй байгааг зорчиж буй иргэд хэлж байв. 

3-5 дугаар багцын дунд нь байгаа 2-4 дүгээр багцын ажил нь гүйцэтгэгч болон захиалагч, хяналт тавих, зөвлөх болон санхүүжүүлэгч байгууллага, компаниудын хооронд маргаантай байдал үүссэнээс хүндрэлтэй байгаа. Үүнийг бид хурдан шийдэхийн төлөө ажиллаж байна гэв. Дээрх хоёр багцын ажилд хэзээ тендер дахин зарлаж, ажил хэзээ эхлэхийг тодруулбал, 

-Уг нь тендер зарлагдаад манай яам саналаа АХБ-нд хүргүүлээд байна. Өчигдөр хүртэл холбогдох уулзалтыг хийлээ. Гол нь энэ хоёр багцын өмнөх гүйцэтгэгч компаниуд худрагагүй байдал гаргаснаас ажил дахин ундарч байна. Бид хуулийн байгууллагад хандаж хариуцлага хүлээлгэнэ. Хамтарсан комисс гаран ажлын гүйцэтгэлийг хянаж шалган ажиллаж байна. Гэхдээ юуны өмнө дахин тендерээр замаа хурдан тавих нь чухал болоод байна. 




Ер нь бол зөвлөх компани гэдэг гүйцэтгэгч болон захиалагч хоёрын гол гүүр болж байх ёстой. Учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлыг зөвлөх компани баталгаажуулаад өгөх ёстой. Тэр үр дүнгээр л бид явах ёстой. Энэ үүднээс бид консалтингийн ICT компанитай хамтран ажиллаж, энэ талаарх нилээд асуудлыг тавьж шахан ажиллаж байна. 




Л.Халтар: Улаанбаатар-Дарханы замын эхний 130 км бүхэлдээ хатуу хучилттай болж хөдөлгөөнийг энэ сарын 10-15-нд бүрэн нээнэ




Одоогийн байдлаар замын 2 дугаар хэсэг буюу ЕСБХБ-ны зээлээр тавьж буй 2 урсгалтай замын далангийн 4.1 сая орчим шоо метр газар шорооны ажлыг эхлүүлээд байна гэв. УБ-Дарханы автозамыг тавьж буй дотоодын болон БНХАУ-ын гүйцэтгэгч компаниудын төлөөлөгч нараас замын ажилд өнөөдөр ямар бэрхшээл тулгарч буйг асуухад бүгд зам барилгын материал хилээр орж ирэхэд удаж буйг учирлаж байлаа. Үүнийг ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодруулахад:

-Яг Дарханы замд хэрэгцээт бараа материал орж ирэх нь гацаад, ажил саатаад байгаа юм өнөөдрийн хувьд алга байна. Одоогийн байдлаар импортоор орж ирүүлээд хийх зүйл нь цөөн, асфальт буюу хатуу хучилтад хэрэглэх хар тосоо авчихсан байна. Чулууны хувьд дотоодоосоо нийлүүлж аваад буталж байна. Шороогоо карьераасаа олборлож байна. Шатахуун, түлшээ мөн дотоодоос авч нийлүүлж буй учир яг одоо их айхтар гацаад дутагдаад буй зүйл өнөөдрийн байдлаар байхгүй гэв. 


Л.Халтар: Зөвлөх компани гэдэг гүйцэтгэгч болон захиалагч хоёрын гол гүүр болж байх ёстой. 




Улаанбаатар-Дарханы замыг анх 1943 онд Төв аймгийн Жаргалант сумын салаа зам хүртэл 108 км-ыг тавьснаар эхэлж, 1972 онд 108-176 км замыг, 1974 онд 176-232 км хоорондох хэсгийг замыг газар дээр нь холих аргаар хөнгөвчилсөн хатуу хучилттай болгон тавьж байжээ. Улмаар 1996-2000 онд мөн л АХБ-ны "Автозамыг хөгжүүлэх" төслөөр хэсэгчилэн их засвар, шинэчлэлийг хийж, 2014-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилт болон улсын төсвийн хөрөнгөөр 25.4 км замд нь ээлжит засвар хийжээ. 




Тус чиглэлийн автозамын хөдөлгөөний хоногийн дундаж эрчмийг тооцоход  5802 тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг байна. Оргил ачааллын үе болох баяр наадам, цагаан сарын үеэр хоногт дунджаар 12.389 тээврийн хэрэгсэл зорчдог байна. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалан хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар муудсан байна. Нэвтрүүлэх чадварыг  нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсныг Монгол Улсын автозамын зөвлөх инженер С.Очирбат хэлж байв. 







Холбоотой мэдээ