"Монцемент" шинэ зүтгүүр вагон хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-24 12:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч "Монцемент Билдинг материалс" ХХК саяхан будаг нь ханхалсан шинэ зүтгүүр вагонтой болов. Тус компани хамгийн сүүлийн үеийн сэлгээний зүтгүүрийг манай улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд шинээр нэвтрүүлж байна. Ингэснээр үйлдвэрийн ложистик тээвэрт ажлын байр нэмэгдэж мөн хэрэглэгч нарт хүргэх үйлчилгээ улам шуурхай болох аж.



Манай улсын төмөр замд зүтгүүр вагоны хүрэлцээ хангалтгүй байдаг. Үүнээс болоод төрийн, хувь нийлүүлсэн болон хувийн хэвшлийн компани, ААН-үүдэд тээвэр ложистикийн сорилт ихээхэн тулгарч ирсэн юм.

Ташрамд мэдээлэхэд "Монцемент Билдинг материалс" ХХК бүтээгдэхүүнийхээ зах зээлд цахимаар аппликейшн гаргаж, онлайн захиалгын системийг анх удаа нэвтрүүлээд байна. Ингэснээр харилцагч, хэрэглэгч нарын цаг хугацаа, зардлыг хэмнэж, илүү шуурхай үйлчлэх боломжтой болж байна. 



"Монцемент Билдинг материалс" ХХК-ийг анх "Монполимет групп" байгуулснаар өнөөдөр "Монцемент" цогц үйлдвэрийг ажиллуулж байна. Тус үйлдвэр нь шохойн чулууны ил уурхай, цемент үйлдвэрлэх иж бүрэн 2 шугам, технологийн явцаас гарах хаягдал дулааныг дахин боловсруулж 5МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх WHR систем болон Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэрээс бүрдэж, хоногт 3500 тонн клинкер болон жилд 1 сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.




Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Өргөн суманд хоногт 1750 тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрлэлийн 1 дүгээр шугамыг ашиглалтад оруулаад ажиллаж байгаа бөгөөд ойрын ирээдүйд 2 дугаар шугамыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Манай улсад "Монцемент"-ээс гадна дотоодын МАК групп мөн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллуулж евро стандартын өндөр чанарын цемент гаргаж байна. 

Холбоотой мэдээ