Монголын үйлдвэрлэгчид Японд цахим үзэсгэлэн гаргана

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-21 17:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас шууд чөлөөлсөн. Харин манай улс Японоос импортолж буй 3423 төрлийн барааг мөн дээрх татвараас чөлөөлсөн. Энэ бол хоёр орны хооронд 2016 онд байгуулан хэрэгжүүлж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн юм. Тодруулбал, дээрх хэлэлцээрээр Монгол Улсын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн.

 

Хэлэлцээр байгуулснаар Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээлд танилцуулж экспортыг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Япон улс руу хийж буй манай экспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн  дийлэнх хувийг эзэлж байгаа. Сүүлийн жилүүдэд экспортын нэр төрөл  хүнсний бүтээгдэхүүн, арьсан эдлэл, ноосон бүтээгдэхүүн, экологийн бусад бүтээгдэхүүнээр  нэмэгдэж буй. 


Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 5 жил болж байна. 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Эдгээр ой, жилийг угтан хоёр талын бизнес уулзалт, үзэсгэлэнг зохиох гэж байна.  Тодруулбал, Япон улсад Монголын үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг нөхцөл байдалтай уялдуулан дэлхий дахины дижитал шилжилтэд нийцүүлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.



Чуулга уулзалт, үзэсгэлэнг манай улсын ГХЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Япон улс дахь Монгол Улсын ЭЯС, "Экспорт олон улсын худалдааны төв" ТББ болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар,  мэргэжлийн  холбоод Монголын үйлдвэр эрхлэгчид хамтран зохион байгуулах аж. Үзэсгэлэнд Япон улс руу экспорт хийх хүсэлтэй, Японы бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын ААН-үүд хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр  оролцохоор бүртгүүлж бэлтгэл ажлаа хангаж байна.




Энэ талаар тус үйл ажиллагааг 5 жил зохион байгуулж ирсэн "Экспорт, Олон улсын худалдааны төв"-ийн захирал Д.Оюунбилэгээс тодруулбал, "Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш экологийн цэвэр бүтээгдэхүүн түүн дотроо малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн манай дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд нэвтрэх таатай боломж бүрдсэн юм. Манай төвийн тухайд Япон улсын зах зээлд хэрхэн нэвтрэх, чанар стандартын шаардлагыг яаж хангах, тухайн улсад амжилттай борлуулах брэндийг бий болгох дээр дотоодын ААН-үүддээ сургалт явуулж ирлээ. 




Мөн брэнд үүсгэж хөрөнгө оруулагч, хамтрагч түншүүдтэй нь холбож байна. Жил ирэх бүр бидний зохион байгуулдаг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч болон төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт форум хүрээгээ тэлж олон удаагийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан. Мөн цөөнгүй бизнесийн  хэлэлцээр хийж дотоодын үйлдвэрлэгчид маань Японы зах зээлд амжилттай нэвтэрсээр байна" гэв.

Өнгөрсөн жил Япон-Монголын бизнес форум, үзэсгэлэнд дотоодын 20 гаруй ААН, Японоос 200 гаруй хөрөнгө оруулагч оролцжээ. Манай улсаас Японы зах зээлд нийлүүлж байгаа хонины ноосон бүтээгдэхүүн, арьсан цүнх гутал, хүүхдийн арьсан гутал, сарлагийн хөөвөр, мөн чацаргана зэрэг олон бүтээгдэхүүн японы хэрэглэгчдийн талархлыг хэдийнэ хүлээгээд байна. Энэ удаагийн цахим форум, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хүрээнд Монголын бизнес эрхлэгчид тэдний бүтээгдэхүүн болон хамтран ажиллах төслийг 10 хоног танилцуулахаар Японы бизнесүүд төрийн болон хувийн хэвшлийнхэн, худалдааны төлөөлөгчдийг урьж мэдээлэл хүргэж ажиллаж байна. 

Монгол Японы цахим чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 25-аас 7 дугаар сарын 5-ныг хүртэл семинар-экспо-В2В буюу цахимаар нүүр тулсан эчнээ уулзалт гэсэн 3 хэлбэрээр болох юм.  Цахим чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хуваарийг танилцуулж байна.  




Холбоотой мэдээ