Энэтхэг насанд хүрсэн бүх иргэнээ үнэгүй вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-21 15:58:59

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэгт насанд хүрсэн хүн амыг коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байна.


Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газар дотооддоо үйлдвэрлэж буй вакцины 75 хувийг худалдан авч, мужуудад тараана. Бүс нутгуудын хүлээж авах вакцины тун хүн амын тоо, “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо, коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийн тооноос хамаарч өөр өөр байх юм. Харин үлдсэн 25 хувийг мужууд болон хувийн эмнэлгүүд худалдаж авах боломжтой байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зургаадугаар сарын эхээр дээрх хөтөлбөрийг зарлаж, ард түмэндээ хандан үг хэлэхдээ иргэн бүрийг хөрөнгө чинээ, нийгмийн гарлаас нь үл хамааран коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулна гэж цохон тэмдэглэсэн юм.


Тус улсад коронавирусний вакцинжуулалт нэгдүгээр сарын 16-нд эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл эрх баригчид вакциныг үнэ төлбөргүй хийж байсан бөгөөд энэ хугацаанд эмч, сувилагч нар, цагдаа, онцгой байдлын газрын ажилтнууд, мөн 45-аас дээш насныхан вакцинд хамрагджээ.


Энэтхэг вакцин үйлдвэрлэгч дэлхийн томоохон улс боловч коронавирусний вакцинжуулалтын хөтөлбөр нь удаашралтай хэрэгжиж байгаа юм. Вакцинжуулалтын аяны 156 хоногт нийт хүн амынх нь 20 орчим хувь буюу 28 сая хүн “COVID-19”-ийн вакцины нэг тунг тариулсан бол 51 сая гаруй иргэн буюу нийт хүн амын 3.7 орчим хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэжээ.


Эрүүл мэндийн яамнаас нь хамгийн сүүлд мэдээлснээр, тус улсад халдвар авсан нийт хүний тоо 29.9 саяд хүрч, 28.7 сая гаруй хүн эдгэрсэн бол 386 мянга гаруй өвчтөн нас барсан байна.


Холбоотой мэдээ