Н.Баярмөнх: Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд дүүргийн ЗДТГ-ыг түр эмнэлэг болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд өвчтөн хүлээн авах ор нэмэлтээр дэлгэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, "Дүүрэг, орон нутаг коронавирусний эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай ажил өрнүүлэх шаардлагатай. Цаашлаад ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ёстой. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно" гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хуваан ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг ариутгаж, хог цэвэрлэхээс эхлээд иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах ажлыг үе шаттайгаар хийж буй юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзаж, цар тахалын үед зөв зохион байгуулалтад орж, шуурхай ажиллаж байгааг онцолсон байна. Мөн цар тахлын тархалтыг бууруулах ажлыг эрчимжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэг өгсөн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2024 он гэхэд тус дүүрэгт 9 сургууль, 7 цэцэрлэг ашиглалтад оруулах ажлыг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх IGM буюу Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг дэмжиж, Улиастайд 12 км автозам шинэчлэхэд шаардлагатай төсвийг бүрдүүлэхэд анхаарахаар болжээ.