Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг 10 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-16 19:51:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.


Тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.  Төсөлд төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, ажил, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан байна. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилтын хүрээнд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байлаа. 


Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд  хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тухайн жилд бодлогын ямар ажил хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус байгааг онцгойлон анхааруулахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхэлсэн ажлуудыг ирэх оны төлөвлөгөөнд тусгасан шалтгааныг тодруулав. Мөн тогтоолын төсөлд экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад 1 417 250 төгрөг төсөвлөсөн нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед асуудлынхаа эрэмбийг зөв тогтоосон эсэхийг лавлалаа. 


Хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудыг баримталсан гэдгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал хариултдаа тодотгоод 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний чухал хэсэг нь эрүүл мэндийн салбар байгаа. Эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, цаашлаад орон нутаг буюу аймгийн эрүүл мэндийн төвүүдэд судалгаа шинжилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, цахим шилжилт хийх асуудлыг цогцоор нь шийдэж оруулсан. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн зарим ажлууд нь 2022 онд хийхээр тусгагдсан тул төлөвлөгөөнд оруулсан гэв. Мөн тэрбээр, Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулагдахаар тусгагдсан ч, 1 417 250  төгрөгийг хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөс гаргаж, санхүүжилтээ шийднэ хэмээн хариуллаа. 


Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Холбоотой мэдээ