Хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад зориулж Эрсдэлийн сангаас 9.6 тэрбум төгрөг зарцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд танилцуулсан юм. Тайлант онд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг даатгуулагчид ойртуулж, илүү хүртээмжтэй, өгөөжтөй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгоход анхаарч ажилласан байна. Мөн коронавируст халдвартай тэмцэхэд зориулж Сангийн яам, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Эрсдэлийн сангаас 2020 онд 9.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Уг зардлаар нийт 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан талаар танилцуулав.
Түүнчлэн, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг улсын 11, хувийн хэвшлийн 9 эмнэлэгтэй байгуулан, 75 хувийн зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцан төлж буй нь эрүүл мэндийн даатгалд итгэх иргэдийн итгэл дээшилж, гадаад руу чиглэсэн эрүүл мэндийн зардлын урсгал багасах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар үзүүлнэ гэж тооцож буй талаар танилцууллаа. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ”-г тогтоож, 2020 оны 13 дугаар тогтоолоор 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмэнд 30, 50, 70 хувийн хөнгөлөлтийг үзүүлдэг болсноор Даатгалын гэрээтэй эмийн сангийн тоо өмнөхөөс 1.7 дахин нэмэгдсэн гэдгийг дурдав.
Цаашид “Капитал” банканд хадгаламж хэлбэрээр байршиж байсан 136.2 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахад Монголбанкнаас дэмжих талаар Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгөх саналтай байгаа аж. Түүнчлэн Сангийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх шимтгэлийг сүүлийн гурван жил дараалан дутуу төлснөөс үүдсэн 210 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлэх талаар Байнгын хороо зохих зөвлөмж, шийдвэр гаргах, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг эх үүсвэр, зориулалтаар нь ангилан төсөвлөж, гүйцэтгэлийг тайлагнаж байхаар төсвийн хуульд тодорхой тусгах саналаа танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Батлут, Д.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асууж, Ажлын багаас хариулт авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс тоног төхөөрөмж худалдан авсан нь хууль зөрчих эсэхийг тодруулав. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрсдэлийн сангийн журамд заасны дагуу баруун, зүүн бүсэд зайлшгүй шаардлагын улмаас хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахаар тоног төхөөрөмж авсан талаар тайлбарлав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зарцуулахдаа даатгуулагчдын төлөөллөөс заавал зөвшөөрөл авч байх ёстойг онцлов. УИХ-ын С.Чинзориг Төсвийн хуулиар тодорхой эрх зүй орчин байхгүй байхад яагаад тус сангаас хөрөнгө гарган зарцуулж байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг коронавируст халдвар авсан иргэдэд шаардлагатай эмийн багц хүртээмжтэй хүрч буй эсэхэд хяналт тавьж буй эсэхийг тодруулж хариулт авав.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, "Халдвар аваад гэрээр эмчлүүлж буй нэг иргэнд 70 мянган төгрөгийн багц хүргэж байна. Өрхийн эмнэлгүүд гэрийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ дагуу нэхэмжлэлээ ирүүлснээр төсвийг шилжүүлнэ" гэв.
Улмаар байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зарцуулалттай танилцах, хянан шалгах Ажлын баг байгуулахаар шийдвэрлэв.