БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын наадмын үеэр Японд айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-15 12:34:09

ТОКИО. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Японд хийх айлчлалыг долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотноо болох зуны Олимпын наадмын үеэр зохион байгуулах боломжийг хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байна гэж “Yomiuri” сонин мэдээлэв.


Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Мүн Жэ Иний айлчлалыг 2018 онд Пёнчаны Олимпын үеэр тухайн үеийн Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн БНСУ-д хийсэн айлчлалын хариуд хийх айлчлалын хувиар хэлэлцэж байгаа аж. Үүнээс гадна, Мүн Жэ Ин айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй нүүр тулсан анхны яриа хэлэлцээ хийж магадгүй байна. Түүнчлэн Японы эрх баригчид хоёр орны харилцаа муу байгаатай холбоотойгоор айлчлалыг тохиролцохдоо болгоомжтой хандаж байна гэж “Yomiuri” сонинд цохон тэмдэглэжээ. 


Сөүлийн шүүхээс Японы корпорацууд болон Японы төрөөс дэлхийн II дайны үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан солонгос ажилчид, түүнчлэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үр хүүхдүүдэд нөхөн төлбөр олгох ёстой гэсэн цуврал шийдвэр гаргасны дараа хоёр улсын харилцаа ихээхэн муудсан юм. Токио ийм төрлийн бүх нэхэмжлэлийг 1965 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох үед зохицуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ. Үүний хариуд Сөүл Японы компаниудын БНСУ-д байгаа хөрөнгийг хүчээр хурааж авна гэж сүрдүүлсэн байна.


Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ.


Холбоотой мэдээ