Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-14 16:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дарга Г.Батдорж өнөөдөр Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн төлөөлөлтэй цахимаар хуралдаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

 

Одоогоор улсын хэмжээнд 21 байгууллагын 32 халамж, асрамжийн төв ажиллаж байна. Эдгээр төвийн 27 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт 2, Дорнод аймагт 1, Орхон аймагт 1, Өвөрхангай аймагт 1 төв ажиллаж байгаагаас 3 төв нь улсын төсвөөс, 29 төв нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүгийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

Өнөөдрийн цахим хуралд ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж болон 32 төвийн 30 гаруй төлөөлөл оролцож үйлчилгээ, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцав.

 

Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн тухайд коронавируст халдварын улмаас сүүлийн хоёр жил хүндхэн сорилттой тулгараад байгаагаа хэллээ. Асрамж, халамжийн төвүүдээс шаардлагатай үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, анхаарал хандуулж ажиллаж байгаа ГБХЗХГ-т талархаж байгаагаа илэрхийлээд, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, зарим тохиолдолд тусгаарлах, хүнс нөөцлөх, ээлжээр ажиллаж буй багш нарыг шинжилгээнд тогтмол хамруулах гэх мэт цар тахлын үед дагаж мөрдөх төлөвлөгөөний дагуу ажиллаж, эрсдэлгүй даван туулж байгаа гэсэн юм.

 

ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж ирсэн санал хүсэлтийг тэмдэглэн авч, хариу арга хэмжээ авч ажиллана гэдгээ хэллээ. Цахим хурлыг цаашид тогтмол зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж, арга хэмжээ авах юм.

 

Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, ГБХЗХГ-ын даргын А/13 тоот “Шинэ короновирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай” тушаалаар  Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн төрөлжсөн  асрамж халамжийн төвүүд, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрууд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нийт 30 гаруй байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн юм. Ариутгал халдваргүйтгэлийн ажил 14 хоног тутам хийгдэж байна.

 

Мөн тус төвүүдэд зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  сургалтад хамруулан шаардлагатай амны хаалт, ариутгалын бодис, хүнс тэжээл, ахуйн хэрэглээ, эм эмийн бүтээгдэхүүнийг зарим төвд хүлээлгэн өгч байна.

Холбоотой мэдээ