Монголын анхны спорт кэмп үүдээ нээлээ

Монголын мэдээ | Нийгэм
Boloryanjindulam@gmail.com
2021-06-14 12:33:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголдоо анх удаа дөрвөн улиралд аялагчдыг хүлээн авч, 20 орчим спортын төрлөөр хичээллэх боломжтой “Амар спорт кэмп”-ийг нээлээ. Нэрнээсээ эхлээд л бүгдийг амар хялбараар шийднэ гэх уриатай энэхүү кэмп нь аялагчдын сэтгэлд нийцэх газар руу нэгээс нөгөөд бууриа хурдан сэлгэн, нүүх онцлогтой. Энгийн хэрнээ амар хялбар аргаар амьдрах нүүдэлчдийг сануулам энэхүү кэмпийг шижигнэсэн таван залуу хамтран байгуулжээ.


Тэдний спорт кэмпээр зочлоход том, жижиг асрууд нүднээ эхлээд тусна. Үүсгэн байгуулагчдын нь хэлж буйгаар нүүж, суухад хамгийн тохиромжтой сууцуудын нэг бол асар гэнэ. Учир нь  зургаан хүн нийлээд том асрыг 20 минутад, жижиг асрыг 10 минутад л барьдаг бөгөөд асарт хонож үзсэн хүн цөөхөн байдаг аж. Тиймээс шинэлэг мэдрэмжийг хүмүүст өгөхийг зорьж кэмпийнхээ хоноглох сууцыг асраар сонгожээ. 


Асраа босгоод завгүй байх тус кэмпийн үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ганзоригоос яагаад заавал нүүдэллэдэг кэмп байгуулах болсон талаар юун түрүүн сонирхлоо. Тэрбээр “Найзуудаараа дугуй унадаг. Бид эхэндээ  өөрсдөдөө байгаа дугуйнуудаа амралтын газар болон кэмпүүдэд байршуулах саналтай байсан. Гэвч дугуй байршуулахад тохиролцохоос эхлээд олон шат дамжлага дамжих учир,  энгийнээр нүүдлийн кэмп байгуулж, дугуйнаас гадна олон төрлийн спортыг цогцлоох санааг гаргасан. Бид таван найз аялал жуулчлалын салбарын хүмүүс болохоор 20 орчим хоногийн хугацаанд кэмпээ босгосон. Одоогоор нүүхэд хамгийн амар сууцуудаас асрыг сонгосон. Тухгүй байж магадгүй гэж зарим аялагчид ойлгох байх. Гэхдээ тийм биш.  Бид салхитай хүйтэн өдөр өөрсдөө асартаа хонож туршиж үзсэн. Энэ мэт аялагчдаа бодсон олон үйлчилгээ манайд бий. Цаашид хөгжүүлэлтийн олон гоё санаануудаа хэрэгжүүлнэ. Кэмпээ мобайл тал руугаа буюу асраас илүү хурдан нүүлгэж, барих боломжтой ямар шийдэл байгааг эрж, хайж судална. Мөн гал тогоогоо бүхээгтэй машины ард хийгээд явах гэх мэт санааг хэрэгжүүлнэ. 



Мобайл кэмп нь хүмүүсээс холдож аль болох эзгүй газарт очиж, хүссэн газар луугаа нүүх боломжтой байдаг. Бусад амралтын газрууд үнэтэй газар худалдан авч, бетон цутгаж барилга байгууламж барьж, дэд бүтэц үүсгэх нь байгаль эх дэлхийгээ хайрлахын эсрэг байдаг. Харин бид амралтын газар байгуулах шаардлагагүй нүүдлийн кэмп. Улирал болгонд тохируулаад бууриа сэлгэх нь манай хамгийн том давуу тал. Бидний хэрэгжүүлж буй энэ төсөл хүмүүсийг уриалсан, өнөөдрийн стресстэй нийгэмд нэгэн гэгээлэг бүтээгдэхүүн болоосой гэж хүсэж байна. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Нүүдлийн философи ч аливаа зүйлд хөнгөн хандаж, хөнгөнөөр шийддэг. Дөрвөн улиралд чөлөөтэй нүүдэллэн амьдарч ирсэн нүүдэлчин ахуйгаа бид спорттой холбож, илүү орчин үед тохирох байдлаар өөрчилж байна. Орчин үеийн аялал жуулчлалд газар худалдаж авч, хэдэн гэр бариад зочдыг хүлээж авах нь эцсийн шийдэл биш гэсэн бодол төрөх болсон. Бид ашиг олохоосоо илүүтэй нийгэмдээ шинэлэг зүйл хийе гээд энэхүү төслийг эхлүүлсэн” гэлээ.

 

 Нүүдлийн кэмп дээр нэмэх нь спорт кэмп гэхээр уншигч танд ямархан төсөөлөл бууж байна. Одоогоор энэхүү кэмп аялагчдад дугуйн болон явган аялал, спорт буухиа, олс таталт, гольф, дартс, хөл бөмбөг, гар бөмбөг, бэйсбол, бадминтон, каяак, ууланд авиралт, загасчлал гэх мэт спортыг санал болгож байгаа юм. Цаашид байгальд хичээллэж болох ямар спортууд байна түүгээр төрлүүдээ нэмж, спорт клубууд, дасгалжуулагч багш нартай хамтарч ажиллахаар төлөвлөж буйгаа тэд хэлж байсан юм. Мөн удахгүй иогоны, спорт загасчлалын гэх мэт долоо хоног зарлахыг аялагч нарт дуулгая.


 

Амьдралынхаа хэв маягийг Амарт спорт кэмпээс өөрчлөөрэй

 

 Бидний эргэн тойрны 10 хүн тутмын найм нь хөдөлгөөний дутагдалтай байдаг.  Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох 2019 оны үндэсний дөрөвдүгээр судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын 21,9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3-4 цагийг зарцуулдаг гэжээ. Энэ нь хүн амын  49.4 хувь нь илүүдэл жинтэй, таргалалттай гэсэн үг. Энэ судалгаанаас бид амьдралын ямар буруу хэвшилтэй болохоо харж болно. Замын бөглөө, хотын дуу чимээнд стресстэж, өдөржин компьютер, гар утасны дэлгэц харж суух бидэнд спорт гэдэг нэг л хол. Найз нөхөд, ажлын хамт олноороо спорт зааланд тоглох боловч гэр бүлээрээ хамтдаа спортоор хичээллэдэггүй. Тэгвэл гэр бүлээрээ хүссэн спортоороо хичээллэж, утсандаа хүрэх ч завгүй цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг Амар спорт кэмп олгож байна.  

 

“Амар спорт кэмп”-ийг үүсгэн байгуулагч Э.Цэрэнбат “Ковидтой холбоотойгоор таргалалт, хөдөлгөөний дутагдалд хүмүүс орсон. Энэ нь стрессийг үүсгэж буй нь замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн харилцаанаас харагддаг. Стрессээс салах гол арга нь спорт, аялал. Тэгвэл яагаад бид аялал, спорт хоёрыг бүрэн утгаар нь нэг цул болгож болохгүй вэ гэж бодсон. Бидний зорилго бол хүмүүсийн амралтыг хөгжилтэй, идэвхтэй, тав тухтай өнгөрүүлэх юм. Агаарт гарч байна гээд амралтын гэр авч, ресторанд өдрийн гурван хоол идэж, буцаад амралтын гэртээ орж алкахолны төрөл зүйлээ хэрэглэдэг.  Яг л ажлаасаа тараад, гэртээ хариад, ядарч байна гээд хоолоо идчихээд, гар утас эсвэл зурагт үзэж байгаад л унтаад өгдөгтэй адил. Үүн дээр нэмэгдэх нь алкахолны төрөл зүйл. Мөн манайхан их хэцүү аялдаг. Гэнэт л Хөвсгөл явъя гэж шийднэ. Тэгээд хүмүүс нь цуглах гэсээр байтал үд болдог. Явж, явж нэг амралтын газар иртэл урьдчилж захиалаагүй учир гэр олддоггүй. Арай гэж нэг амрах газар олоод л орой нь алкахолоо хэрэглэдэг. Өглөө нь шартсан хүмүүс оройтож босно. Хөдөөгийн тэр сайхан байгаль, цэвэр тунгалаг агаарыг мэдэрдэггүй. Амрах гэж ирсэн биш биеээ улам л зовоодог. Үүний улмаас ахиад л хөдөлгөөний дутагдалд орж, таргалан, стресс нэмдэг. Агаарт гарангаа дуртай спортын төрлөө хүссэнээрээ сонгож, тоглон, эрүүл хоолловол жинхэнэ амралт болно гэж бодсоноор кэмпээ байгуулсан. Манай спорт кэмпийг ямар нэгэн спортын төрөлд сонирхолтой, эсвэл сонирхох гэж байгаа хүмүүс зорьж ирэх байх. Тиймээс зугаалга шиг бодсон хүмүүс ирэхгүй. Манайх өглөө, оройд ирсэн зочдын тоог авна. Өглөөний гимнастик хийлгэнэ. Энэ магадгүй сонин сонсогдож болно. Гэхдээ хүмүүс дуртай хийх болов уу. Өмнө нь аялагчдаар дасгал хийлгэж байхад эхний өдөр нь гайхаж байсан ч дараа өглөө нь яагаад дасгалдаа дуудахгүй байна гэдэг. Манай кемп дээр гэр бүлээрээ ирээрэй. Хүүхдүүдээ гар утас, таб гээд цахим хэрэгслээс холдуулж, эрүүл мэнддээ анхаарах шинэ сэдэл өгөөрэй. Мэдээж ганцхан өдөр манай кемп дээр ирснээр урт насалж, галбирлаг биетэй болно гэсэн үг биш. Гэхдээ нэг өдөр ирснээр эрүүл өөрчлөлтийн сэдэл авч, амьдралынхаа хэв маягийг манай кэмпээс өөрчилж эхлэх боломжтой. Нэг хэвийн суурин амьдралаас өөр идэвхтэй амьдрал руу шилжих эхний алхмаа эндээс хийгээрэй гэж хэлмээр байна” гэв.


 

Язгуур урлагийн тоглолтуудыг үйлчилгээндээ шигтгэжээ

 

“Амар спорт кэмп”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Монгол хэл хуурын холбооны тэргүүн,  хөгжимчин, хөөмийч, МУСТА Д.Даваасүрэн нь Түмэн эх чуулгад олон жил ажилласан ч зургаан жилийн өмнөөс аялал жуулчлалын салбар руу эргэж буцалтгүй орох шийдвэр гаргажээ. Түүний хувьд, язгуур урлагтай аяллыг зохион байгуулж эхэлснээс хойш 70 гаруй Хайрханы оргил дээр гарч  хөөмий, язгуур урлагийн тоглолтуудаа олонд толилуулсан туршлагатай нэгэн юм. Урлагийн хүн хэдий ч аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүн болохыг зорьсон тэрээр  магистраа ХААИС-ийн Байгалийн аялал жуулчлалын чиглэлээр  энэ намар хамгаална.  


Тэрбээр “Манайд ирсэн аялагчид зөвхөн спортоор эрүүл мэндээ дэмжээд зогсохгүй, урлагаар давхар сэтгэлийн цэнгэл эдэлж, сонороо баясгана. Эрүүл мэндээ дэмжин манайхыг сонгосон аялагчдадаа зүгээр нэг тайзан дээрх шиг тоглолт үзүүлэх биш, мөн чанарыг тайлбарлан таниулж, илүү ойроос үзүүлнэ. Гадаадын жуулчдад уулын оргил дээр чимээ аниргүй газарт язгуур урлагаа тайлбарлан, тоглолтоо толилуулахад их таашаадаг. Тэдэнд ингэж их таалагдаж байхад жинхэнэ язгуур урлагийн эзэд монголчуудад ямар их таалагдах бол. Тун удахгүй кэмпэд маань хүрэлцэн ирсэн хүмүүстэйгээ ууланд алхалт хийж, агуй дотор эсвэл уулын оргилд гарч язгуур урлагийн тоглолтоо толилуулна. Хүмүүст маш их сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт язгуур урлагийн тоглолтоо спорт кэмпийнхээ үйлчилгээнд шигтгэж, кэмпээ зөвхөн спортоор хязгаарлахгүй. Залуу үедээ агуу том язгуур урлагийн өв соёлоо таниулах хөтөлбөрүүдийг ч бэлтгэсэн байгаа. Манайд ургийн баяр, бэсрэг наадмууд хийх боломжтой. Томоохон захиалга авбал Улаанбаатараас уран бүтээлчдээ уриад тоглолтоо хийж болно” гэлээ. Кэмпийн менежер, морин хуурч  н.Мишээл гэх залуу түүний шавь юм. 

 

 Байгальд ул мөргүй аялна


Сүүлийн үед аялагчид байгальд ээлтэй аяллыг түлхүү сонгох болсон. Тэгвэл тус кэмпээс аялагчид тарьсан хогоо буцахдаа авч явах юм. Энэ хүүхдүүд гэлтгүй томчуудад зөв дадал өгнө. Энэ мэт байгальдаа ээлтэй бодлогыг баримталж буйг  “Амар спорт кэмп”-ийг үүсгэн байгуулагч, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны тэргүүн Э.Орхон  онцолсон юм. Тэрбээр “Бид мото спортыг хийхгүй гэж шийдсэн. Учир нь энэ төрлийн спорт хөрс эвдэж, хаа сайгүй зам гаргаж, орчны дуу чимээний бохирдлыг үүсгэдэг, зардал ихтэй, эрсдэлтэй. Тэгээд ч бие хөдлөхгүй спорт.  Мөн галын наадмаас татгалзана. Их хэмжээний мод орно, галын аюултай. Тиймээс жижиг хэмжээний түүдгийг бол зөвшөөрнө. Бидний баримталж байгаа гол бодлого бол байгальд сөрөг нөлөөгүй байх. Кэмп нүүлээ гэхэд майхны гадас зоосон нүхээ хүртэл таглаад явдаг. Байгальд хоггүй, мөргүй аялна гэж бодож байна. Сайхан гол байхад л хүмүүс очоод машинаа угаачихдаг. Тэгэхгүй байя. Манайд ирж амарсан амрагчид хогоо бүгд авч явна. Бид хогийг нь бэлдээд уутлаад өгнө. Өөрийнхөө тарьсан хогийг өөрөө цэвэрлэх нь хариуцлагын асуудал. Эхний удаад хүмүүс гайхаж хүлээж авах байх. Гэхдээ өөр өөрсдийнхөө хогийг авч явах сэтгэхүйг дэмжсэнээр яваандаа дадал сууна. Энэ дадалдаа ч дуртай болно гэж найдаж байна. Энэ талаараа бас аяллын салбарт шинэ хуудас нээж байгаа болов уу” гэсэн юм. 

 


Ирээдүйн “Амар спорт кэмп”

Ирээдүйн “Амар спорт кэмп” дөнгөж эхэлж байгаа ч нийгэмдээ шүгэл үлээж, амралтын зөв хэмнэлийг таниулахыг зорьсон энэ кэмпийн ирээдүйн талаар “Амар спорт кэмп”-ийг үүсгэн байгуулагч Л.Баяндорж хэлэхдээ “Бид цаашид кэмп менежерүүдээ бүх төрлийн спортоор дадлагажуулаад сургана. Бэйсболл гэхэд ямар стандарттай байдаг гэх мэт техникүүдийг бүрэн эзэмшүүлнэ. Ирсэн амрагчид маань бүх төрлийн сонирхсон спортоо өөрсдөө тоглож үзэж, тодорхой ойлголтуудыг авдаг болох нь бидний зорилгын нэг хэсэг. Өвөл болоход хүмүүс фитнес зааландаа л идэвхтэй байна гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл бид гүйлтийн цана, тэшүүрийг санал болгохоор төлөвлөж байна.

Монголд гүйлтийн цана төдийлөн сайн хөгжөөгүй. Гэтэл энэ бол маш гоё спорт, өвлийн улиралд Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудаа түшиглээд энэхүү спортыг хөгжүүлж болно. Дугуй хоёр жилийн өмнө Монголд төдийлөн бүрэн хэрэглээ болж нэвтрээгүй байсан. Гэтэл өнөөдөр дугуйгүй хүн бараг алга. Үүнтэй л адил гүйлтийн цаныг хүртэл өвлийн улиралд нэвтрүүлж болно хэмээн үзэж байна. Энэхүү төсөл маань зах зээлд нэвтрээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрөөд амжилттай байвал говь, хангайн бүсүүдэд салбараа нээнэ. Таван жилийн дараа гэхэд томоохон хотуудаар тойрдог, нэг өдрийн дотор хүссэн газраа бууж чаддаг, маш тав тухтай, сайн үйлчилгээтэй, 30 гаруй спортын төрлийг санал болгодог болно гэсэн мөрөөдөлтэй. “Амар” гэлтгүй өөр олон жишиг кэмпүүд нээгдэж, залууст эрүүл спортлог аяллыг санал болгодог байгаасай гэж хүсэж байна” гэлээ.



Гэртээ суурин дугуй унахад цаг явдаггүй. Тэгвэл байгальд дугуй унахад нэг л мэдэхэд цаг өнгөрч, цэвэр хүчил төрөгчөөр амьсгалж буй учир бодисын солилцоо хурдан явагдаж, илүү их калори шатаадаг гэж тэд хэлж байсан юм.  Хэрэв та тус кэмпийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  ЭНД дараарай.

 



 

Холбоотой мэдээ