Тяньжинээс чингэлгийн 6 галт тэрэг ирж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-11 11:51:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин боомтоос импортын барааны чингэлгийн 6 галт тэрэг Эрээн-Замын-үүдийн чиглэлд ирж байна. Үүний өмнө дээрх боомтоос импортын барааны чингэлгийн 4 галт тэрэг энэ сарын 9-10-нд Замын-Үүд өртөөнд ирсэн талаар мэдээлсэн. Хоёр улсын ГХЯ, ЭСЯ, төмөр замын нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажиллан Тяньжин боомтод саатаж бөөгнөрөөд байгаа чингэлгүүдийг ийнхүү чөлөөлөн төмөр замаар тээвэрлэж байна.


Хоёр талын төмөр замын байгууллагын тохирсон хуваарийн дагуу  хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан юм. Монгол Улсын талаас чингэлгийн бөөгнөрлийг шийдэх талаар БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп”-д тавьснаар Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлээд байна. 


БНХАУ болон гадаад худалдааны бусад улс оронд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай  буурч, мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдэж байна. Үүний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүсээд байна. 

Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол байгуулдаг. Үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Ингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг байна. 


ААН, байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлага бол байгаа юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.  


Холбоотой мэдээ