Дархан-Уул аймагт нийслэлээс “Ковид-19”-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-09 19:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт “КОВИД-19” халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотой ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, халдвар судлаач Д.Бадрал, эрсдэлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Б.Ундрах нар Дархан-Уул аймагт ажиллалаа.

 

Аймгийн эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комиссын шуурхай штаб, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж шуурхай удирдлага хариу арга хэмжээний тогтолцоо, бүтэц зохион байгуулалт , тандалт, хариу арга хэмжээний талаар талууд санал солилцов.

 

Тус аймгийн хувьд халдварт өвчний онцгой байдлын үеийн шуурхай, хариу арга хэмжээний баг зохион байгуулалт сайн, цар тахлын үеийн эрүүл мэндийн салбар, мэргэжлийн байгууллагын манлайллыг үлгэр жишээ харуулж байна. Мөн ойрын хавьтлын гэрийн хяналтыг өрхийн эмнэлэг, багийн нийгмийн ажилтан болон иргэдийнхээ тусламжтай олон салбар байгууллагууд оролцож өвөрмөцөөр шийдэж ажиллаж байгаа нь сайн туршлага болж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа онцолж байлаа. Эрүүл мэндийн газар тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу өдөр тутам шуурхай хуралдаж өөрсдийн ажлыг 24 цагаар үнэлж дүгнэн хэлэлцэж дараагийн алхамуудаа шийдвэрлэж ажилладаг талаар тус аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл танилцуулав.

 

Нийслэлээс Дархан-Уул аймгийг зорин ирэгсдээс “Ковид-19”халдвар илэрч байгааг Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Мөн халдварын тохиолдлын багагүй хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд орон нутаг руу зорчих хүсэлтэй хүүхдийг PCR шинжилгээнд хамруулах саналтай байгаагаа хэлж байлаа. Харин аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хувьд хүний нөөцийн асуудал төдийгүй мэргэжил арга зүйн чиглэлээр сургалт авах хүсэлтээ мөн ХӨСҮТ-ийнхөнд уламжилсан юм.

Аймгийн эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын талаарх хүн амын мэдлэг ойлголтыг сайжруулах, нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж иргэддээ тасралтгүй байдлаар мэдээлэл хүргэхээр Эрсдэлийн мэдээлэл харилцааны багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тохиолдлын удирдлагын бүтэцдээ оруулан ажиллаж байна. Иргэдээ сонсдог, тэднийхээ хүсэл хэрэгцээнд тулгуурлан шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг хичээдэг талаараа мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд хэлж байлаа гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.


Холбоотой мэдээ