МОНЦАМЭ агентлагийн дарга асан Ч.Эрдэнэд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 14:07:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга асан, судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэд өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо.


Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн цогцолборт цол, тэмдгээ гардсан юм.  Шагнал гардсаныхаа дараа тэрбээр, “Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн чухал алба нь Монгол Улсыг гадаадад сурталчлах юм. Миний бие тэрхүү үйлсэд 27 жил хүчин зүтгэснийг төр засгаас ийнхүү үнэлж байгаад баяртай байна. Тус агентлагийн эрхлэн гаргадаг сонин, сэтгүүлүүдийг санаачилж үүсгэн байгуулснаас хойш өдийг хүртэл тогтмол хэвлэлтэд гарч байна. Монголын түүхийн 12 мянган жилийн судалгаа, онолын физикийн судалгааны томоохон бүтээл туурвисан. Соёлын салбарт миний оруулсан хамгийн гол хувь нэмэр бол 27 жилийн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах үйлс байсан юм” хэмээлээ.


Ч.Эрдэнэ хэвлэл мэдээлэл, гадаад сурталчилгааны салбарт тасралтгүй 32 жил ажилласан бөгөөд МОНЦАМЭ агөнтлагт 1971-2003 онд сурвалжлагч-редактороос эхлээд, тоймчоор зургаан жил, ахлах редактораар дөрвөн жил, хариуцлагатай редактораар таван жил, "Монголия" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар 2 жил, МОНЦАМЭ агентлагийн даргаар 6 жил тус тус ажилласан юм. 


Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг англи хэлээрх “Монгол мессенжер", үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг" сониныг санаачлан үүсгэн байгуулсан, орос хэлээрх “Новости Монголии” сониныг дахин сэргээсэн сэхээтнүүдийн нэг билээ. МОНЦАМЭ агентлагийг Английн Ройтерс агентлагтай холбож зөвхөн социалист ертөнцийн мэдээллээр хязгаарлагдаж байсан үеийг өөрчилсөн нь одоо ч МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллах суурь нь болсон. Түүнчлэн Синьхуа агентлагтай албан ёсны гэрээ байгуулж Сансрын холбооны антен суурилуулснаар, мэдээллийг өргөн цар хүрээтэй шуурхай авах боломжийг бүрдүүлж, тухайн үеийн гадаадын мэдээллийн агентлагуудын түвшинд хүргэхээр судалгаатай, дэс дараатай ажлыг амжилттай гүйцэтгэсэн.


Судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнийн "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Бид ялав"“Чинад нууцын Монгол орон”, “Fax Mongolica” зэрэг бүтээлийг Монголын уншигчид андахгүй. Түүний бүтээлүүдэд үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл шингэсэн байдаг билээ. Мөн тэрбээр 1993 онд үе, үеийн сэтгүүлчдийн гарын авлага болох "Мэдээний машин" номыг бичиж хэвлүүлсэн нь одоог хүртэл эрэлттэй хэвээр байна.


Ч.Эрдэнэ нь “Бид ялав", “Супер нэгдлийн онолын үндэс", "Чинад нууцын Монгол орон" цурвал ботиудыг бичихдээ тасралтгүй 20 жилийн судалгаанд суурилан бүтээлээ эмхэтгэн 2012 онд уншигч түмэндээ өргөн барьсан. Үүгээрээ Монголын сэргэн мандал болон үндэсний үзлийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй “Супер нэгдлийн онолын үндэс” цэвэр физикийн суурь судалгааны бүтээлээрээ шинжлэх ухаанч, танин мэдэхүйн эцсийн суурь онолыг логик ба математик концепцийн хувьд нээж, физик болон бүхий л байгалийн шинжлэлийн шинэ ерөнхий онолыг боловсруулсан юм.


Түүний “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээл нь суурь шинжлэх ухааны эцсийн бөгөөд Монгол угсаатны зиндаа чансаа дэлхийн түүхэнд нэгдүгээрт бичигдэх учиртай гэдгийг тодотгосноороо онцлогтой. Супер нэгдлийн онол бол үндэсний үзэл баримтлалын дээд хэлбэр төдийгүй шинжлэх ухаан, танин мэдэхүйн бус, хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьсгал болсон хэмээн судлаач бээр үздэг.


Эрдэм шинжилгээний ажлаараа Монголыг дэлхий дахинд таниулан сурталчилж буй үйлсийг нь үнэлж түүнийг 2019 онд Монгол Улсын "Соёлын элч"-ээр томилсон юм.

Холбоотой мэдээ