Байден 6 их наяд долларын хэмжээтэй төсвийн төслийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-29 12:42:06

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг баасан гарагт танилцууллаа. Түүний танилцуулсан төсөв 622 их наяд доллароор хэмжигдэж байгаа бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш нэгдсэн улсын засгийн газрын хамгийн өндөр зардалтай төсөвт тооцогдож буй юм.


1946 онд тус улсын өр ДНБ-ний 106 хувьтай тэнцэж байсан бол санал болгож буй дээрх хэмжээгээр төсөл батлагдвал өр 2031 он гэхэд 117 хувь болж өснө гэж “USA Today” сонинд онцлон тэмдэглэжээ. 


Америкийн эрх баригчид мөн корпорацуудын (21-ээс 28 хувь хүртэл) болон хүн амын хамгийн чинээлэг давхаргын татварыг нэмэгдүүлэхийг санал болгож байгаа юм.


“Бид коронавирусний цар тахалтай холбоотой нөхцөл байдлыг эрс өөрчиллөө. Эдийн засаг өсөж, ажлын байр бий болж байна. Гэсэн хэдий ч ажил дөнгөж эхэлж байна. Эдийн засагт тэгш бус, бүтцийн сул байдал үргэлжилсээр байвал улс орон хямралын өмнөх түвшинд эргэж орж чадахгүй” гэж Цагаан ордноос баасан гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.


"Төсөвт ажил эрхлэлт, америк гэр бүлийг дэмжих гэсэн хоёр түүхэн хөтөлбөр багтсан. Энэ нь боловсрол, судалгаа, эрүүл мэндийн салбарт хамаатай хөрөнгө оруулалт юм” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн эмийн үнийг бууруулж, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхийг Конгресст уриалжээ.


Дэд бүтцийг шинэчлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах хөрөнгийг багтаасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 2.3 их наяд доллар гаргахаар тусгасан байна. Боловсролын тогтолцоог сайжруулах, хүүхэдтэй иргэдийн татварыг бууруулах зорилготой гэр бүлийг дэмжих хөтөлбөрт дахин 1.8 их наяд ам.долларын санхүүжилт олгох аж. Мөн эрүүл мэндийн салбарт учирч болзошгүй хямралтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэхэд 8.7 тэрбум доллар, опиоидын хямралтай тэмцэхэд 10.7 тэрбум доллар гаргахаар тусгажээ.


АНУ-ын засаг захиргаа уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дараагийн 10 жилд төсвийн алдагдал 2 их наяд гаруй доллараар буурна гэж үзэж байна.


Холбоотой мэдээ