Коронавирусний гарал үүслийн асуудлыг улстөржүүлэхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-27 14:16:31

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний гарал үүслийн асуудлаар улс төрийн манипуляц хийх нь цар тахалтай тэмцэх олон улсын хүчин чармайлтад саад учруулж байна хэмээн АНУ дахь Хятадын Элчин сайдын яамны цахим хуудсанд мэдээлжээ.


“Нэр хүндийг унагаах, бурууг тохох кампанит ажлыг дахин явуулж, “лабораториос алдагдсан” гэх хувилбар дахин дэгдэх боллоо. Өнгөрсөн жил коронавирусний халдварт өвчин дэгдсэнээс хойш улс төрийн зарим хүчин цар тахалтай тэмцэхийн ач холбогдлыг үл тоомсорлон улс төрийн манипуляц хийх, хэн нэгэнд бурууг тохох асуудал дээр төвлөрсөн” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 


Баримт нотолгоо, шинжлэх ухаанд хүндэтгэлтэй хандах замаар олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг дипломат төлөөлөгчийн газар уриалжээ.


“Коронавирусний гарал үүслийг олох асуудлыг улстөржүүлэх нь вирусний эх үүсвэрийг олох явцыг хүндрүүлээд зогсохгүй цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд төвөг чирэгдэл учруулж байна. Коронавирусний хамгийн анхны тохиолдлуудыг бүх талаас нь судлах, дэлхий дахины нууц баазууд, биологийн лабораториудад нарийн шалгалт явуулахыг бид дэмжиж байна” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.


Коронавирусний гарал үүслийг судлах хэмжээнд Хятад улс олон улсын шинжээчидтэй нээлттэй, бүрэн дүүрэн хамтарч ажиллаагүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны орлогч дарга Карин Жан-Пьер лхагва гарагт мэдэгдсэн аж. 

Холбоотой мэдээ