Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-25 15:02:55

БЭЭЖИН. /China Daily/. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр /RCEP/ нь оролцогч орнуудын эдийн засгийн харилцааг илүү чөлөөтэй болгож, худалдааны либералчлалыг сайжруулна гэж БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулсан чуулга уулзалтад оролцогчид мэдээлжээ.


“Энэхүү хэлэлцээр нь эдийн засаг, хүн ам, худалдааны өргөн хүрээг хамарч буй тул бүс нутгийн эдийн засгийн орчныг нээлттэй болгож, саад тотгорыг бууруулж, худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн сацуу ард иргэдийн амьжиргааг сайжруулна” гэж Хятадын Коммунист намын Төв хорооны өндөр албан тушаалтан Жян Жяньгуо хэлсэн байна.


Тэрбээр Хайнань мужийн Хайкоу хотноо болсон Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн талаарх хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын төлөөлөгчдийн чуулга уулзалтын нээлтийн үеэр ийнхүү мэдэгджээ.


Мөн “China Daily” сонины ерөнхий редактор Жоу Шучунь хэлэхдээ, дэлхий дахин зуунд ховор тохиох өөрчлөлтүүдтэй тулгарч, цар тахалд нэрвэгдээд байгаа хэдий ч дэлхийн эдийн засаг сэргэж байгааг онцолжээ. Түүнчлэн “RCEP” нь Ази төдийгүй дэлхий дахинд итгэл найдвар авчирч буйг дурдаад, эдийн засгийн даяарчлал зогсошгүй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэн хэлсэн байна.


Хайнаньд зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа Ж.Шучунь мөн илэрхийлсэн байна. Цахим, танхимын хэлбэрийг хослуулан явуулсан чуулга уулзалтад дотоод, гадаадын 300 гаруй төлөөлөгч оролцжээ.


Чуулга уулзалтын нээлтийн үеэр Австралийн Ерөнхий сайд асан Кевин Рудд дүрс бичлэгээр дамжуулан, “Чөлөөт худалдаа нь хүн төрөлхтнөөс эхлээд эдийн засгийн хөгжил, дэлхийн энх тайванд ашиг тустай тул миний бие үүнийг дэмжсээр ирсэн” хэмээн хэлсэн байна. 


Өнгөрсөн оны 11 дүгээр сард 15 улс орон “RCEP” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газар албан ёсоор соёрхон баталсныг тус улсын Худалдааны яам гуравдугаар сард мэдээлжээ. Оролцогч бусад орон ч мөн ижил шийдвэрийг гаргасаар байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд баталж, 2022 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болгохыг зорьж буй ажээ. 

Холбоотой мэдээ