Японы Засгийн газраас Монгол улсад 555 сая иений төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 15:59:57

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /есөн тэрбум 900 сая орчим төгрөг/ “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой.Түүнчлэн тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд сургаж, мэдлэг олгодог  “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг Япон Улсын Засгийн газар 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө Монгол, Индонез, Филиппин, Хятад, Лаос, Узбекистан, Камбож, Вьетнам, Гана зэрэг нийт 12 улсад  хэрэгжиж байна. Монгол Улс тус хөтөлбөрт 2001 онд хамарч, өнөөг хүртэл нийт  14 төсөл хэрэгжиж, 262 залуу төрийн албан хаагч хамарчээ. 2015 оны хөтөлбөрт манай улсын 18 төрийн албан хаагч хамарч, Япон Улсын их дээд сургуулийн магистрантурт суралцаж байна. 2016 онд Монгол улсаас 22 хүн энэ төсөлд хамрагдана. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд хоёр нь хувийн хэвшлээс, хоёр нь доктарантурын сургалтад сурах юм. Уг төсөл 2016 оноос хоёр үе шаттай 7 жилийн /гурван жил, дөрвөн жил/  хугацаанд хэрэгжинэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ