“Eurovision” уралдаанд Итали тэргүүн байр эзэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-23 10:51:22

РОТТЕРДАМ. /BBC/. Нидерландын Роттердам хотноо болсон “Eurovision” олон улсын дууны уралдаанд Италийн “Måneskin” хамтлаг “Zittie e Buoni” дуугаараа тэргүүн байр эзэлжээ.


Дөрвөн гишүүнтэй хамтлагийн дуучин Дамиано Давид шилэн микрофон цомыг хамтлагаараа хүртэх үеэрээ, “Рок-н-ролл хэзээ ч мөхөхгүй” хэмээн баяртайгаар хашхирсан байна.


Ийнхүү тэд 2006 оноос хойш энэхүү шагналыг хүртсэн анхны хамтлаг болсноос гадна Италийн уран бүтээлчдийн хувьд 1990 оноос хойш анх удаа цомын эзэн болж, эх орондоо ирэх оны уралдааныг зохион байгуулах эрх авлаа.



“Бидний ялалт коронавирусний цар тахалд нэрвэгдсэн эх орныхоо нэр хүндийг өсгөхөд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж хамтлагийн гишүүн Викториa де Анжелис шоуны дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.


Энэ удаагийн уралдааны хоёрдугаар байрт Францын дуучин Барбара Прави, гуравдугаар байрт Швейцарын дуучин Гьон Мухарремай нар шалгарсан байна.


Харин Их Британийн дуучин Жеймс Ньюман тэг оноо авч, сүүл мушгижээ. Ингэснээр тус улс тав дахь удаагаа сүүлийн байрт, хоёр дахь удаагаа тэг оноо авчээ. 

Холбоотой мэдээ