Зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдийг тусгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-18 18:02:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн, Баян суманд хууль бусаар алт олборлож байсан иргэдийн дундаас Баянхонгор аймгийн нэг иргэн коронавирусний халдвартай нь батлагдан тусгаарлагдсаныг ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комисст мэдээлсэн байна. 

Энэ дагуу АОК-оос шуурхай тандалт хийхэд тухайн хүнтэй нэг газар ажиллаж, хамт амьдарч байсан нэр бүхий иргэд Баянхонгор аймагт ямар нэгэн шинжилгээ, зөвшөөрөлгүйгээр хулгайн замаар нэвтэрснийг тогтоожээ. Тодруулбал, Богд суманд хоёр,  Баянговьд тав,  Шинэжинстэд хоёр, Баянлиг суманд хоёр иргэн очсон нь тогтоогдоод байна. 

Одоогийн байдлаар тухайн иргэдийг сумдад нь яаралтай тусгаарлах, шинжилгээ авах, сум орон нутгийг зохион байгуулалтаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Мөн АОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр, ЭМА-ны Тархвар судлалын багийг тухайн сумдад ажиллуулан, сумдын албадыг арга зүйгээр яаралтай ханган ажиллуулахаар боллоо.

Аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг короновируст халдварын батлагдсан тохиолдлын 85 иргэнээ орон нутагтаа бүрэн эмчлээд 19 хонож байна. Шинэ тохиолдол нэмж батлагдаагүй 28 хоног болсон тохиолдолд албан ёсоор  “Ногоон бүс” хэмээн зарлах аж.

Холбоотой мэдээ