Өлгий хотын орчимд хар шорооны карьер нээх шаардлагатай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-18 11:30:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд иргэдийн мод тарих хандлага эрс нэмэгдэж байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд 110 га газарт 80 мянган ширхэг чацарганын суулгац тарьсан гэсэн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргажээ.

Айл өрхүүд хашаандаа зөвхөн навчит мод биш, жимс, гоёл, шилмүүст мод, төмс, хүнсний ногоо тарих нь элбэг болсон байна.

Гэвч иргэдийн мод, хүнсний ногоо тарих ажилд орон нутгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, дээрх ажилд хамгийн их ашиглагддаг түүхий эд болох хар шорооны олдоц Баян-Өлгий аймагт муу байна. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн карьер байхгүйн улмаас иргэд энд тэндээс хулгайн замаар хар шороо ачиж зөрчил үйлдэх, байгаль орчныг сүйтгэсэн хэрэгт холбогддог.

«Мод, төмс, хүнсний ногоо тарих ажлыг дэмжих нэг хэлбэр бол хар шороогоор хангах» гэдгийг хөдөө аж ахуйн ухааны доктор Х.Мырзабек хэлж байна. Тэрээр, «Өлгий хотын эргэн тойронд 30 орчим км зайд хар шорооны карьер нээх боломжтой 6 газар байгаа. Төр засаг холбогдох судалгааг хийж, зөвшөөрөл өгөх ёстой. Дараа нь тухайн газрыг олон наст ургамал тарих зэрэг аргаар нөхөн сэргээх бүрэн боломжтой» гэдгийг онцлов.

Сүүлийн үед манай улсад цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид хар шорооны оронд ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи нэвтэрч байгаа. Энэ төрлийн бизнесийг ч төрөөс бодлогоор дэмжих шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.  

Холбоотой мэдээ