УИХ-ын гишүүд Элчин сайд Филип Малоун, Худалдааны элч Даниел Кавченски нартай цахим уулзалт хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-13 18:54:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун, Монгол Улстай харилцах Худалдааны элч Даниел Кавченскитэй өнөөдөр цахим уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын Худалдааны элчээр томилогдсон ноён Даниел Кавченскид баяр хүргэж, дэлхий дахинд дэгдэж буй КОВИД-19 цар тахал зогссон үед Улаанбаатар хотноо биечлэн уулзах ерөөл дэвшүүлэв. Тэрбээр, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Элчин сайд Филип Малоунд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бид нягт холбоотой ажилладаг гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хугацаанд Гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих асуудал эрхэлсэн дэд хороо байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр цар тахлыг амжилттай даван туулахад эдийн засгийн тэргүүлэх салбарт хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мөн хөдөө аж ахуйн болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэлээ.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Бид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах дунд хугацааны хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд эдийн засгаа сэргээх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхэлсэн ба Оксфордын Астразенека вакцин нийлүүлсэнд талархал илэрхийлж байна. Монгол Улсын гадаад бодлогын гуравдагч хөршийн үзэл баримтлалд гол байр эзэлдэг орны нэг Их Британи Улстай боловсрол, соёл, эдийн засгийн салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал" хэмээв.


Монгол Улстай харилцах Худалдааны элч Даниел Кавченски ойрын хугацаанд Монгол Улсад зочилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Тэр үед манай орны санхүү, уул уурхай салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулахад дэмжихийг хүсэв. 


Талууд Монголын ноос, ноолуурын экспорт, хөдөө аж ахуй болон боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уг уулзалтыг дахин зохион байгуулахаар тохиролцов. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Лондон дахь "Хоган Ловеллс" хуулийн компанийн Засгийн газартай харилцах нэгжийн захирал Роберт Гарденер, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Б.Солонго, ГХЯ-ны Европын газрын II Нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо.

Холбоотой мэдээ