Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-05-12 09:27:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд байгаа 44 минжний нэг энэ сарын арванд тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо.


Тус төвд найман бүл минж хээл авснаас хоёр нь дөрөв ихэрлэсэн билээ. Энэ нь нэн ховор тохиолдол бөгөөд идэш, тэжээл, амьдрах орчин, нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн гэдгийг минж маллагч Т.Ганзориг хэлжээ.  


Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ. Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан тул идэш, тэжээлд нь анхаарч, Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван, чихрийн манжин, улаан буудай зэргээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Минж нутагшуулах үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс багасгахгүй, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг аж.


Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж, одоогоор 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голд нутагшуулаад байгаа.


Минж нь голын усны түвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.


Цаашид Минж үржүүлэх төвийн үйл ажиллагааг тэлж, 30 га газарт Экологийн төв байгуулах зорилт тавьж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолжээ

Холбоотой мэдээ