Л.Энх-Амгалан: Боловсролын хоцрогдлыг 3 жил зарцуулж байж нөхнө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-10 16:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулав. Танилцуулгын дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Цар тахлын үед цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа, хоцрогдолд орж буй оюутан, сурагч олон бий. Ирэх жилийн сургалтын хөтөлбөрт хоцрогдлыг арилгах өөрчлөлт орох уу?


-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсрол. Цар тахал цаашид үргэлжилж, 9 дүгээр сард хичээл нээх боломжгүй болбол хэрхэх талаар, 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлөх талаар Дэлхийн банктай хамтарч судалгаа хийсэн. Нийт 2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол ирээдүйд үүснэ гэсэн судалгаа бий. Нэг хичээлийн жилд танхимаар 165-180 хоног хичээллэдэг. 2020 онд 40 хувь нь цахимаар хичээллэсэн. 2021 онд цахимаар 110 хоног цахимаар хичээллэсэн байна. Ер нь Монгол Улсын боловсролын салбарт цар тахлаас өмнө ч хоцрогдол үүссэн байсан юм билээ. Тиймээс цар тахлын өмнөх ба дараах хоцрогдлыг арилгах шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ оны хоёрдугаар сард боловсролын салбарын хоцрогдлын талаар Засгийн газарт танилцуулж, цогц төлөвлөгөө боловсруулах үүрэг авсан. Ингээд 2021-2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Үүнд их хэмжээний зардал, санхүүжилт шаардсан ажил байх болно. Энэ жил хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлын асуудлыг шийдвэрлэхгүй. Хамгийн багадаа 3 жилийн зарцуулж байж хоцрогдлыг нөхөх тооцоо, судалгаа гарч байна.


-Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх боломж бий юу. Засгийн газар энэ ажлыг эхлүүлж чадах уу?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарна. Ер нь бол эдийн засаг, амьдралын чанарын асуудлыг тэнцүү авч явах ёстой. Өнгөрсөн 30 жил эдийн засаг гэж явсаар хүний хөгжил, амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, соёлын асуудлыг орхисон. Тийм учраас Хуримтлалын нэгдсэн сан байгуулж, дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ бол амьдралын чанартай холбоотой асуудал байгаа юм. Энэ хүрээнд хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар Сангийн сайдтай санал солилцсон. Мэдээж энэ бол ДНБ-ий хувь хэмжээнээс хамаарах зүйл. Шууд хийвэл инфляцаас эхлээд олон зүйлд нөлөөлнө. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өндөр түвшинд хүргэх тооцоо судалгаа хийж танилцуулахыг Сангийн сайд, ХНХ-ын сайдад үүрэг болгосон. Үүнийг эдийн засаг тогтворжоод, томоохон төслүүд хөдлөх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой асуудлыг шинэчилнэ. Ер нь бол халамжаас хөдөлмөрт шилжиж, ажиллаж байгаа хүн бүхнээ урамшуулна. Халамжаас үе шаттай татгалзах бодлого руу явна.


-“Спутник V” вакциныг хүлээж буй иргэн олон бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Спутник V” вакцин авах асуудлаар би ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нартай биечлэн уулзаж, цахимаар холбогдож ярилцаж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүнээс мөн дэмжлэг хүссэн. Бид бүхий л чиглэлээр хөөцөлдөж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд вакцин сонгох гэхээсээ илүү олдоно гэдэг нь дэлхий нийтэд маш хүнд байгаа. ОХУ-ын Элчин сайд надтай уулзахдаа, “Би Монгол Улсын вакцинжуулалтад атаархаж байна. Бид Монгол Улсад туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Гэхдээ ОХУ-д вакцинжуулалт бидний хүсэж байгаа хэмжээнд хүрч чадахгүй байна” гэж хэлсэн. БНХАУ дотоодын хэрэгцээнээсээ илүүчилж бидэнд дэмжлэг олгосон. Хоёр хөршийн вакцинжуулалт 10 хувьд ч хүрээгүй яваа. Тийм учраас бид асуудлыг наанатай, цаанатай бодолцох хэрэгтэй.


-Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажил ямар шатандаа явна вэ?


-ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 2016 оны 3 сараас хойш би хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байгаа. Монголд шударга ёс, хууль ёс байна уу, үгүй юу гэдгийг үзэх гэж хөөцөлдөөд 6 жил болж байгаа юм. Энэ хэргийг мөрдсөн, шалгасан, шүүсэн хүмүүс захиалагчийг нь тогтоогоогүй байж захиалгаар хүн хөнөөсөн гэж ял өгсөн. Би захиалагчийг нь зарла гэсэн. Хэн ч зарлаж чадаагүй.

Холбоотой мэдээ