Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-08 15:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбатыг албан ёсоор бүртгэсэн талаар ХҮН-ын удирдлагууд мэдээлэв.


Энэ үеэр нэр дэвшигч Д.Энхбат, “Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсыг сахиж итгэл, зүтгэл гарган оролцох болно. Би бол аль нэг намын гишүүн биш. Гэхдээ нэг нам, эвслийн хүрээнээс хальж, намайг нэр дэвшүүлсэн "Зөв хүн электорат" эвслийнхэнд талархаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүн бол нэг зүйлийг хүсэж байгаа. Монголын төлөө ажиллаж чадах мэдлэг, боловсролтой хүмүүсийг нэгтгээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр Монголынхоо төлөө ажиллах сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийг нэгтгэх гарц болохын төлөө ажиллана гэж бодож байна” гэв.


Ташрамд дурдахад, МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын материалыг СЕХ хүлээн авсан. Харин Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Холбоотой мэдээ