“Tiffany & Co” эрчүүдэд зориулсан сүйн бөгж худалдаалж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNN/.
Америкийн тансаг зэрэглэлийн гоёл
чимэглэлийн компани болох “Tiffany & Co” үүсгэн байгуулагдсанаасаа хойших 184 жилийн
түүхэндээ анх удаа эрчүүдэд зориулсан сүйн бөгжийг худалдаанд гаргахаар
төлөвлөж буйгаа мэдэгджээ.
АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг “Tiffany”-гийн нэрийн
дэлгүүрт энэ сараас худалдаалж эхлэх энэхүү бүтээгдэхүүнийг компанийг 1837 онд үүсгэн
байгуулсан Чарльз Льюис Тиффанигийн дурсгалд зориулан “Charles Tiffany
Setting” хэмээн нэрлэсэн байна.
“Tiffany
& Co” компани 1886 оноос “Tiffany
Setting” алмаазан шигтгээтэй сүйн
бөгжийг худалдаалж эхэлсэн нь өнөөг хүртэл хамгийн алдартай загваруудын тоонд
багтсаар байгаа юм. Тус компанийн хувьд сүйн гоёл нь гол бизнест тооцогддог бөгөөд
өнгөрсөн онд орлогынх нь 26 хувийг бүрдүүлжээ.
Дэлхийн 30 орчим
оронд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаатай холбоотойгоор “Brilliant
Earth” тэргүүтэй гоёл чимэглэлийн
компаниуд сүүлийн үед хүйс үл хамаарах сүйн бөгжүүдийг санал болгох болжээ. Мөн
Стивен Эйнхорн гэх мэт гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгчид ч ЛГБТ хосуудад
зориулсан загвар бүтээж эхэлсэн байна.
Үүний зэрэгцээ “Lyst” загварын хайлтын платформын 2019 оны хуримын талаарх тайланд дурдсанаар, 2018-2019 онд эрэгтэйчүүдэд зориулсан сүйн бөгжний хайлт 66
хувиар өсжээ. Сүйн бөгжний эрэлт ийнхүү өсөхөд ЛГБТ хосуудаас гадна Эд Ширан, Майкл
Бубле зэрэг алдартай, олны танил хүмүүс ийм бөгж зүүх болсон нь ч мөн ихээхэн
нөлөө үзүүлжээ.