Нисэх төхөөрөмжөөр цус тээвэрлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-28 16:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нарлаг Улаанбаатар" ротари клубээс санаачлан хэрэгжүүлж буй "REDrone" төслийн хүрээнд "Цус тээвэрлэх анхны нислэг"-ийг хийлээ.


Төслийг “Тамир Ротари” клуб, “JCI Capital” байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ. Ингэснээр хэрэгцээтэй байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг шуурхай, аюулгүй тээвэрлэн хүргэх боломж бүрдэж байна. Нарийвчилсан судалгааны үндсэн дээр бий болсон даацын тээврийн энэхүү дрон нь ЦССҮТ-өөс 20 км доторх эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг саадгүй хүргэх юм. Гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг бөгөөд 3-5 кг ашигтай ачааг авч, 60 минут нисэх боломжтой аж.


Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт замын түгжрэл эрс нэмэгдэж, яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсэж байгаа. Түүнээс гадна газар хөдлөлт, гамшиг осол, коронавируст цар тахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед эмнэлгүүдэд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг яаралтай хүргэж, олон хүний амь аврах шаардлага тулгардаг. Иймд нисэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглах нь дээрх хүндрэлийг давах, цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ