Нэг эмч, сувилагчид 1500-2000 хүн ногдож байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-04-25 12:28:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица ЭМЯ-ны удирдлага, төлөөллийн хамт нийслэлийн дүүргүүдийн штаб, нэгдсэн болон өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. 

Эмч, эмнэлгийн ажилчид эмнэлгийн ор болон хүний нөөцөөр дутагдаж байгааг холбогдох албаныханд уламжиллаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ногдож байна. Тухайн эмч өдөртөө 38-104 батлагдсан болон тэдний ойрын хавьтлуудад тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай болдог байна. Энэ үүднээс ачаалал ихсэж иргэдэд очих тусламж үйлчилгээ цагтаа хүрэхгүй байх нөхцөл гарч байна. Иргэд коронавируст халдвараар батлагдсан л бол эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтад байхыг хүсэж ханддаг нь ачааллыг улам нэмэгдүүлж байгаа аж.


ЭМЯ өнгөрсөн 7 хоногт 648 резидент эмчийг талбарт дайчлан ажиллуулж, 850 гаруй орыг нэмж гаргажээ.


ЭМЯ-ны ажлын хэсэг орны нөөцийг нэмэгдүүлэхээр тасралтгүй ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг хэллээ. Мөн резидент эмч нарыг дайчлан эмч нарынхаа ачааллыг багасгахаар нэмэлт судалгаа хийн ажиллаж байгаа гэв. 

Нийслэлийн Баянхошууны амбулаторт 300, Баянзүрх дүүрэгт 50 ор нэмж гаргахаар нөөцийг судалж нэмэгдүүлж байна. ДЭМБ эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн аппараттай ор, түргэвчилсэн оношлуур, телемедециний техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, шаардлагатай зөвлөмжийг цаг тухай бүрт нь хүргэж байна.


Холбоотой мэдээ