Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ноос мэдэгдэл хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-20 14:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос "ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" гэх асуудлаар мэдэгдэл хийлээ.


ХӨСҮТ-д холбогдох газраас шалгалт орсон нь үнэн, гэхдээ хууль хяналтын байгууллага буруутай гэж тогтоосон шийдвэр гараагүй байгааг тэд тодотгож байв.


ХӨСҮТ-ийн ҮЭХ-ны дарга О.Баатарчулуун хэлэхдээ, “ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон. Шалгалтын хоёр хоногийн дараа Livetv.mn сайтаар тодорхой зохиолтой, жүжиглэлттэй, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэхүү нэвтрүүлэг цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад цохилт, сэтгэл санааны маш хүнд дарамт болж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гаргаж байна. Энэ бол зохион байгуулалттай, улс төрийн зорилготой гүтгэлэг гэж үзэж байна” гэв.


Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад, “Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул Эрүүл мэндийн сайд тайлбар хийгээгүй өдий хүрсэн. Эцэслэж батлагдаагүй байхад халдвар гарсан цагаас эхлэн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч нарыг харлуулж, сэвтүүлж болохгүй. ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхаа ажилчдыг хамгаалах ёстой. ЭМЯ-наас нэвтрүүлэг бэлтгэсэн Livetv.mn сайтад албан бичиг хүргүүлсэн” гэлээ.


Эрүүл мэндийн салбарын ҮЭХ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд хууль хяналтын байгууллагаас буруутай гэж тогтоогоогүй байхад эмч, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдахгүй байхыг уриалж байв.


Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ноос Эрүүл мэндийн сайдад хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг гэх асуудлыг тодорхой болгож, салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээхийг шаарджээ. Түүнчлэн цалин хөлс, илүү цаг, нөхөн олговор зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрт хөдөлмөрийн маргаан үүсэх бөгөөд нөхцөл байдал энэ чигээр үргэлжилбэл эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэл илэрхийлж тэмцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэжээ.


Холбоотой мэдээ