С.Даваасүрэн: Сур бол монгол хүн, монгол морины чимэг гэж би боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-20 12:25:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол түмний өв соёл болсон морины бүхий л эдлэл, хэрэглэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгодоо хөтлөгдөн сур, суран эдлэл хийж яваа нэгэн залууг танилцуулж байна. Тэрээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Өдгөө Сайнцагаан суманд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа ба морины бүхий л эд хэрэглэлийг иргэддээ хүргэх нэрийн дэлгүүртэй болж, зорилгодоо хүрч яваа баялаг бүтээгч юм. Түүнийг Сүхбаатарын Даваасүрэн гэдэг.


-Хүүхэд байхдаа хөдөө нутагт очиход сайхан байжээ. Морио унаад хонио хариулдаг, морины эд хэрэглэл бүгд л сураар хийсэн, гараар урласан байдаг байлаа. Сүүлийн жилүүдэд залуучууд мотоциклээр малаа хариулж, морины эд хэрэглэл хийдэг хүн ч ховордсон санагддаг. Харин чамайг ийм бүтээгдэхүүн хийж байгааг хараад их бахархлаа. Энэ чадварыг хэнээс өвлөж авсан бэ?

-Би чинь хөдөөний хүн шүү дээ. 1995 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ сумынхаа 10 жилийн сургуульд сурч байгаад хөдөө мал дээр гарч, албан бусаар суралцан бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн хүн дээ.  

2005-2010 онд мал дээр гарч, мал маллаж байхдаа “Тэргүүний малчин залуу” алтан медалиар шагнуулж байлаа. Харин тэр үед амьдрал зохиогоод амьдралын эрхээр аймгийн төвийн хүн болж, сургууль соёлын мөр хөөсөн.

2015 онд Техник технологийн дээд сургуулийг  сантехникч мэргэжлээр дүүргээд, 2020 онд Удирдлага шинчлэлийн академийг хүний нөөц, захиргаа удирдлага мэргэжлээр төгссөн.

2012 онд оюутан болчихоод амралтаараа хөдөө явж байтал Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат А.Буянжаргал багштай танилцсан юм. Дээд сургуульд сурч байх хугацаанд багшийн хийж буй сур суран эдлэл гоё санагдаад өөрийн эрхгүй хийж сурмаар хүсэл төрөөд дурлаад байсан.

Ингээд би багшдаа  шавь орон, дагаж сур суран эдлэл болон ногт, хазаар, чөдөр, цулбуур, жолоо хийж сурсан.  Багшийгаа дагаж хийж сурсан эрдэм маань өнөөдрийн миний бизнесийн үйл ажиллагааны анхны гараа байсан.

-Хоёр ч дээд сургууль төгссөн хүн мэргэжлээрээ ажилласан уу, өөрийнхөө хүсэл, сонирхлыг дагасан уу? Өнөөдрийн бизнесээ хэзээ эхэлсэн бэ?

-Би сургуулиа төгсөөд л Монголын ард түмнийхээ уламжлал болсон морины бүхий л эдлэл, хэрэглэлийг түгээн дэлгэрүүлэх хүсэлдээ хөтлөгдөн сур суран эдлэлийг хийж эхэлсэн. Би хүүхэд байхдаа моринд их хорхойтой, хурдан морь их унадаг хүүхэд байсан.

Анх ээжийнхээ бизнест тусалж, Нарантуул зах дээр эмээлийн лангуунд ажиллаж байсан. Энэ ташрамд өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг байлаа.

2017 онд Дундговь аймгийн үзэсгэлэн худалдаа болох гэж байна гэж дуулаад бараа бүтээгдэхүүнээ хийж бэлдээд оролцож, бүтээгдэхүүнээ борлуулсан. Ингээд нутгийн зон олон маань их сайхан хүлээн авч ашиг орлого дүүрэн буцаж байлаа.

Энэ нь надад маш их урам хайрласан. Би цаашид тасралтгүй хийсээр байсан. Нутгийн олон ахан дүүс маш их сонирхож, тэгээд ч эхнэр маань сургуулиа дүүргэж, нутагтаа ажиллахаар болсон энэ л үед миний мөрөөдөл биелэх шиг болсон.

Бид Говь-Угтаал суманд шилжиж ирээд нэг хэсэг би өөр ажил хийсэн боловч сонирхол маань намайг хөтөлж, сур суран эдлэлээ дахин хийж эхэлсэн. Орхиж болохгүй зүйл гэж байдаг юм шиг санагдаж, энэ зүйлээ хийхээр би өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө чөлөөтэй ажиллаж, эрх чөлөөг мэдэрч чаддаг. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр бизнестээ үнэнчээр зүтгэсэн дээ.

Би хэдийгээр маш их хүсэл, эрмэлзлэл, сонирхол, бас өв уламжлалаа түгээх санааг тээн сур суран эдлэлээ хийгээд байсан хэдий ч эхэн үедээ байр сав олдохгүй хүнд хэцүү үе байсан. Би шантралгүй гэртээ гар урлалаа хийж, таньдаг хүмүүстээ хэлж, цахимаар зар тавин сурталчилж, бүтээгдэхүүнээ бага багаар зарсаар байсан. Зун нь хөдөөгүүр авч явж зарж борлуулдаг байлаа. Гэхдээ маш их хүсэл тэмүүлэл байсан болохоор ямар ч бэрхшээлийн өмнө би сөхрөөгүй.

-Монгол ахуйгаа мэддэг, хэрэглэж чаддаг, өвлүүлж чаддаг байх нь л бахархах олон зүйлийн маань нэг байх. Бид энэ ахуйгаасаа нэлээд холджээ. Сур, суран эдлэлийн талаар бидэнд танилцуулна уу?  

-Сур бол монгол хүн,  монгол морины чимэг гэж  би боддог. Сурыг боловсруулах ажил гандаж элдэх арга барилаас эхэлдэг. Улаан шүүсийг нь авч элдэх, авахгүй элдэх гээд хоёр янзын арга байдаг. Тэгээд элдсэн сураараа сүлжмэл суран бүтээл хийж, хүмүүст чанартай, давтагдашгүй сайн бүтээл, загварлаг бүтээгдэхүүн гаргахыг хичээж ажилладаг.

Сурыг наймаар сүлжинэ, 6 ба 8-аар сүлжсэн хазаар, даруулга, олом, ташуур, хударга, агсуурга зэрэг бүтээгдэхүүн хийнэ. Ер нь захиалагчийнхаа хүсэл сонирхолд нийцсэн  загвар гарган хийж өгдгөөрөө миний бүтээл илүү онцлог юм.

Үхрийн ширээр юу ч хийж болно шүү. Ширээ боловсруулах, сураа бэлтгэх, бүтээгдэхүүнээ хийх гээд маш их цаг, хөдөлмөр шаарддаг учраас үхрийн ширний үнэ цэн маш өндөр гэж боддог. Манай монгол ухаан, ахуй, өв соёл үнэхээр гайхамшигтай шүү дээ. 

Тэгээд гоё чимэглэлтэй, сайхан морь унаад явж байх эр хүнийг үнэхээр чимдэг, их сайхан харагддаг. Тиймээс л морины эд хэрэглэл хийх энэ ажилдаа би маш дуртай.

-Үнэхээр тийм шүү, тийм сайхан эдлэл, хэрэглэлтэй морь унасан хүнийг хараад л баймаар санагддаг. Цаанаасаа омогшил төрөх ч шиг мэдрэмж төрдөг. Танай дэлгүүрт орж ирсэн эр хүний сэтгэл их хөдөлдөг байх даа.

-Дэлгүүрээ 2020 оноос нээн ажиллуулж байна. Манай дэлгүүрт сур, суран эдлэл, хазаар, чөдөр, ногт, бугуйл, эмээл, амгаа, шонхор эмээл, тохом гээд морины бүхий л эдлэл хэрэглэл байдаг. Энэ чиглэлээр төрөлжсөн дэлгүүр юм.

Тийм болохоор дэлгүүрт маань орж ирсэн эр хүний сэтгэл хөдлөлгүй яах вэ. Сайхан эмээл хазаар чимэгтэй, сайхан морь унаад наадамд явах сайхан шүү дээ. Хүн болгон хараад байх шиг санагддаг юм.

Ер нь морио мөнгөөр гоёдог ард түмэн Монголоос минь өөр хаана ч байхгүй гэж би хэлэх дуртай.

2018 оны Дундговь түншлэл арга хэмжээнд орж, шагнал авсан нь “миний бүтээл олны хүртээл  болжээ” гэсэн сайхан бодол төрүүлж, надад маш их урам өгч, бизнест маань ташуур болсон гэж би боддог.

2020 онд Говь-Угтаал суманд болсон “Морьтны гоёл”  үйл ажиллагаанд оролцож, “Шилдэг урлаач” өргөмжлөл авсан. Мөн тэр жилдээ “Дундговь түншлэл -2020” үзэсгэлэн худалдаанд  оролцож “Аймгийн брэнд” бүтээгдэхүүнээр шалгарсан.

-Энэ их өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд юу хийж байна вэ, залуучуудад зааж сургадаг уу?

-Тэгэхээр миний хийгээд байгаа энэ зүйлийг, энэ өв соёлыг ард түмэн маань үгүйлээд, хайрлаад байх шиг санагддаг. Залуучууд маань энэ их өв соёлоо хадгалж, сурч, өргөн хэрэглэдэг болоосой гэж хүсдэг шүү. 

Сур суран эдлэлийг хийж сурах чин хүсэл эрмэлзэлтэй тууштай залуусыг дэмжиж, өөрийн сурсан мэдсэн зүйлээ зааж сургах, сургалт явуулдаг. Энэ бол миний монгол хүн болж төрсний үүрэг шүү дээ.

Саяхан би ОУХБ-ын “Бизнесээ хөгжүүл” сургалтад сууж, бизнесийн арга барилаа сайжруулах олон шинэ санаа олж авсан. Би сургалтаас авсан мэдлэг чадварын хүрээнд дэлгүүрээ цаашид улам бүр хөгжүүлж, морины витамин, унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, богино долгион гээд  шинэ бүтээгдэхүүнээр баяжуулж, дэлгүүрээ өргөжүүлэх санаа төрсөн. Санаагаа заавал ажил хэрэг болгоно.

-Монголчууд мориндоо хайртай, морио дээдэлдэг ард түмэн. Эр хүний чимэг, хийморь ч гэж ярьдаг. Морийг хайрлахын ухаан, дээдлэхийн утга учир юунд байдаг бол, бодлоо хуваалцахгүй юу?

-Миний ард түмэн үеийн үедээ л морио хайрлаж, дээдэлж, унаж, эдэлж, мориороо гангарч, түүнийхээ ач буяныг хүртэж ирсэн хүмүүс шүү дээ.

Зөвхөн надад тохиолдож байсан нэг л зүйлийг хэлэхэд үүний баталгаа болох байх. 2010 оны өвөл нэгдүгээр сард 2 шөнө, 2 өдөр шуурга тавиад адуугаа уруудуулаад алдаж байсан. Шуурга намдсаны дараа нутийн хоёр залуутай адуунд явахдаа би ганц уургын бор морьтойгоо, харин хоёр найз маань хоёулаа хөтөлгөө морьтой хамт явсан юм.

Хоёр шөнө, хоёр өдөр шуурганд хоолгүй шахуу байсан морьдыг унаад бид явсан гэсэн үг. Тэгэхэд хоёр найзын маань 4 морь өлдөөд явахаа болиход миний уургын бор морь 100 км газар тасралтгүй давхиж, уруудсан адуун дээрээ очоод адууны маань хамгийн ороо морийг хөөж барихад эр чадлаа гайхуулж байсан. Энэ үед би бор мориороо бахархаж, өөрийн эрхгүй уйлж, хайрлах сэтгэл асгарч байсан юм. Манай малчдад иймэрхүү түүх олон байдаг байх даа. Үнэхээр бахархмаар шүү.

-Цаашдын тань зорилго юу вэ, таны бизнесийн зах зээл тэлж, хэрэглэгчид өөр аймаг, сумаас холбогдъё гэвэл хэрхэн холбоо барих вэ?

-Миний хувьд зорилгодоо хүрч л явна. Дуртай, дурласан зүйлээ хийж, ард иргэдэд, монгол түмэндээ хүргэж байна. Монгол морь, адууны ахуй, соёлоо хүмүүст түгээж байна. Зах зээл маш өргөн байна гэж хардаг. Тиймээс цаашдаа улам өргөжүүлж, суран эдлэл хэрэглэлийг өв уламжлал болгохоос гадна урлагийн бүтээл болгохыг зорьж байна.

Битүү сүлжмэл гүлэмтэй эмээл хийхийг хүсдэг. Энэ бол гайхалтай урлагийн бүтээл болно гэж боддог. Санаанд багтаад байгаа зүйлийг хийх сайхан, их ч амархан бүтдэг дээ. Санаанд багтаад байгаа юм.

Би “Морьтон монгол” гэсэн фэйсбүүк групп нээгээд сурталчилгаагаа хийдэг. Надтай 95118946 утсаар холбогдож болно. Морьтон монголчуудаа хүлээн авахад үргэлж бэлэн, нээлттэй байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа, бизнест нь амжилт хүсье. 

Холбоотой мэдээ