Зарим бараа, түүхий эдийг биржээр арилжсаны дараа экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-19 15:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн баталж, олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг боллоо.


Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм.


Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн, Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлт хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэхээр бичиг баримтын бүрдүүлэлт хийж байгаа аж. Оны сүүлээр төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгохоор зорьж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс мөрдөж байгаа бөгөөд энэ нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой аж.


Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргажээ. Шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож, гэрээ байгуулан хамтран ажилладаг байна.

 

Холбоотой мэдээ