Нийт батлагдсан тохиолдлуудын 55,5 хувь буюу 141 иргэн бүрэн эдгэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-19 11:57:29

Архангай /МОНЦАМЭ/. АОК-оос ээлжит хэвлэлийн хурлаа хийж, сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын мэдээллийг хүргэлээ.  


Хурлын үеэр АОК-ын дарга Д.Золжаргал: "-Архангай аймагт "Ковид-19" халдварын нөхцөл байдал 2021 оны 4-р сарын 19-ний өдрийн байдлаар 346 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 5 тохиолдол батлагдлаа. Үүнд: Эрдэнэмандал суманд 1, Чулуут суманд 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нь ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлэн хийж байна. 

Архангай аймагт нийт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 254 боллоо. Үүнээс сүүлийн 24 цагт 22 иргэн бүрэн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн бөгөөд нийт батлагдсан тохиолдлуудын 55,5 хувь буюу 141 иргэн бүрэн эдгэрсэн. Мөн аймгийн төв болох Эрдэнэбулган сумаас халдвар бүртгэгдээгүй. Иймээс халдварын голомт хумигдах хандлагатай байгаа энэ цаг үед ард иргэд анхаарал болгоомжоо сулруулалгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна" гэлээ. 

Нэгтгэсэн мэдээллээр: 

- Нийт коронавируст халдварын батлагдсан 254 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.5 байна. Батлагдсан тохиолдлуудын 58 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй байна. 


- Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 60, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 29, Хайрхан сумын эмнэлэгт 14, Чулуут суманд 10 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 


- Ойрын хавьтлын хүний тоо: 1958

 Тусгаарлах байранд – 85

 Одоо гэрийн тусгаарлалтад – 823 иргэн байна.


- Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавирусний эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 4-р сарын 19-ний өдрийн байдлаар 3788 хүнийг хамруулжээ.

- Сүүлийн 24 цагт 8 обьектын 1666 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Холбоотой мэдээ