Японы Ерөнхий сайд энэ сарын 15-18-нд АНУ-д айлчилна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-13 10:04:19

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ дөрөвдүгээр сарын 15-18-нд АНУ-д айлчилна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу мэдэгдлээ.

  

Түүний мэдэгдсэнээр, Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийнэ. “Ерөнхий сайд Сүга Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно” гэж тэрбээр хэлжээ.


Хоёр улсын удирдагчид дөрөвдүгээр сарын 16-нд Вашингтонд биечлэн уулзана гэдгийг АНУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын 2-нд нотолсон байна. Уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь БНХАУ-ын талаар баримтлах АНУ, Японы бодлогыг уялдуулах, Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, цар тахалтай тэмцэх арга хэмжээ, түүнтэй холбоотой дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг даван туулах зэрэг асуудлууд байх төлөвтэй байна.


Вашингтонд айлчлахынхаа өмнө Сүга коронавирусний вакцин хийлгэсэн билээ.


Холбоотой мэдээ