Хунтайж Филиппийг оршуулах ёслол дөрөвдүгээр сарын 17-нд болно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-11 10:29:39

ЛОНДОН. /France24/. Их Британийн хатан хаан Элизаветагийн нөхөр, хунтайж Филиппийг оршуулах ёслол дөрөвдүгээр сарын 17-нд болно гэж Букингемийн ордон бямба гарагт мэдэгдэв.


Энэ долоо хоногийн баасан гарагт 99 насандаа таалал төгссөн хунтайж Филиппийг оршуулах ёслол Виндзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд болох бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй ажээ. 


COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтуудын дагуу оршуулах ёслолд оролцох хүний тоог 30-аар хязгаарлах бөгөөд хатан хаан тэргүүтэй хааны удмын гэр бүлийн гишүүд бүгд амны хаалт зүүх шаардлагатай байна.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд хязгаарлалтын дүрэм журам хэрэгжиж буй энэ цаг үед болж буй оршуулах ёслолд гэр бүлийн гишүүдийг нь түлхүү хамруулах боломжийг бүрдүүлэхийн тулд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн гэж түүний ажлын албанаас мэдэгджээ.


Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзсаныхаа дараа АНУ-ын Лос-Анжелес хот руу нүүсэн хунтайж Харри оршуулгын ёслолд оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Харин түүний хөл хүнд гэргий Меганд хилийн чанад руу зорчихгүй байхыг эмч нь зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ