Түвд бол БНХАУ-ын нэг хэсэг гэсэн АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-16 09:55:09

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламтай лхагва гарагт хувийн шугамаар уулзах үеэрээ "Хятад улстай яриа хэлцээ хийх явдлыг дэмжинэ" гэж хэлсэн тухай Цагаан ордон мэдэгдлээ.

Хятадын тал эсэргүүцсээр байсан боловч тэд өчигдөр Вашингтон хотноо уулзжээ.

Гадаад орнуудын удирдагчид Түвдийн Буддын шашны удирдагч Далай ламтай уулзахыг Хятадын эрх баригчид эсэргүүцсээр ирсэн юм. Тэд Далай ламыг “салан тусгаарлагч” гэж үздэг билээ.

Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан Обама, Далай лам нар Цагаан ордонд хаалттай уулзалт хийсэн байна.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан уг уулзалт болохын өмнө мэдэгдэл хийхдээ “Хэрвээ АНУ-ын удирдагч Далай ламтай уулзвал Түвдийн тусгаар тогтнол болон салан тусгаарлагчдыг дэмжсэн гэж ойлгогдохоор буруу дохио болж, Хятад-АНУ-ын харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаанд сэв суулгах болно” гэж анхааруулаад, тэднийг уулзахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин уулзалтын дараа Цагаан ордон мэдэгдэхдээ “Далай ламд БНХАУ-тай шууд яриа хэлцээ хийхийг Обама зөвлөсөн” гэжээ.

Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жош Эрнестийн мэдэгдсэнээр, Обама Далай ламд хандан “АНУ-ын бодлогын хувьд Түвд бол БНХАУ-ын нэг хэсэг бөгөөд Түвд тусгаар тогтнохыг АНУ дэмжих боломжгүй” гэж хэлсэн байна.

Мөн “энэ бол уулзалт болохоос өмнө АНУ-ын баримталж байсан байр суурь. Энэ байр суурь уулзалтын дараа ч өөрчлөгдөхгүй” гэж Обама хэлээд, Түвдийн шашны удирдагчийг “сайн найз нөхөр” гэж тодорхойлжээ. 1959 онд Хятадын дэглэмийг эсэргүүцсэн бослого амжилтгүй болсноор Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн билээ.

Буддын шашны удирдагч Түвдийг өөртөө засах илүү өргөн эрхтэй болгохыг эрмэлзэж байгаа бол Хятадын тал түүнийг Түвдийг тусгаар тогтносон улс болгохыг оролдож байна гэж буруушаасаар байгаа юм.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ