Аргентинд хорио цээрийн дэглэмийг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-08 10:49:17

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Засгийн газар коронавирусний халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмийг чангатгаж, шөнийн цагаар хөл хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес лхагва гарагт мэдэгдэв.


“Бид орон даяар хэрэгжих хэд хэдэн арга хэмжээг баталлаа. Үүнээс гадна, халдварын өндөр, дунд эрсдэлтэй бүс нутгуудад тусдаа арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж тэрбээр дүрс бичлэгээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


Аргентины Ерөнхийлөгчийн мэдээлснээр, хэсэг бүлгээрээ аялах, 20 гаруй хүн нэг дор цугларах, казино тоглох, спорт зааланд 10-аас дээш хүн хичээллэхийг орон даяар хориглоно. "Баар, ресторанууд 23:00 цагаас хэтрэхгүй хаах ёстой. 00:00-06:00 цагийн хооронд гудамжинд хөл хорино" гэж Фернандес мэдэгдэв.


Шинэ хязгаарлалтууд дор хаяж гурван долоо хоног хэрэгжинэ.


Аргентинд коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виссотти мягмар гарагт мэдэгджээ. Сүүлийн хоёр өдөрт 20 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 2 450 068 хүн өвчилж, 56832 нь нас баржээ.


Холбоотой мэдээ