Энэтхэгт насанд хүрсэн бүх хүнийг вакцинжуулж эхлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-07 13:21:35

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Эмнэлгийн холбоо буюу эмч нарын холбоо “COVID-19”-ийн вакцинжуулалтад 18-аас дээш насны бүх хүнийг хамруулах боломжийг бүрдүүлэхийг холбооны Засгийн газартаа уриалжээ.


“Одоогоор бид 45-аас дээш насны хүн амыг вакцинжуулж байгаа боловч халдвар хурдацтай тархаж буй тул насанд хүрсэн бүх иргэнд вакцинжуулалтад хамрагдах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг тавьж байна” гэж Эмнэлгийн холбооноос Ерөнхий сайд Нарендра Модид хаяглан илгээсэн захидалд дурджээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлүүлсэн Энэтхэгт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүсийг, дараагийн ээлжид 50-иас дээш насны хүн амыг вакцинжуулсан юм. Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр сарын 1-нээс вакцинжуулалтын гуравдугаар үе шатыг эхлүүлж, 45-аас дээш насныхныг хамруулж эхэлжээ.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт 12.6 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 165 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо даваа гарагт анх удаа 100 мянга давсан байна. 

Холбоотой мэдээ