Куба улстай анагаах ухааны салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-06 14:45:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Куба Улсын Нийтийн Эрүүл мэндийн яам харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр ЭМЯ-нд болов.


Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нар гарын үсэг зурж, ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс байлцлаа.


Санамж бичигт тусгасны дагуу талууд эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, Куба Улсын эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөгжил дэвшил манай улсын ард иргэдэд ихэд танигдсан бөгөөд ялангуяа тус улсад шүд, эрүү нүүрний чиглэлээр суралцаж төгссөн эмч, мэргэжилтнүүд салбартаа манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэв.


Элчин сайд Раул Делгадо Консепсион эрүүл мэндийн салбар нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн тохиромжтой салбарын нэг болохыг онцлон тэмдэглээд, Куба Улсын Засгийн газраас "COVID-19"-ийн эсрэг хөгжүүлж буй вакцинуудын талаар мэдээлэл өглөө.



Холбоотой мэдээ