Франц, ХБНГУ Украины бүрэн эрхт байдлыг дэмжиж буйгаа илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-04 12:46:08

БЕРЛИН. /РИА Новости/.  Донбасст гал зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдол нэмэгдсээр буйд санаа зовниж байна хэмээн Герман, Францын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


“Украины зүүн хэсэгт 2020 оны 7 дугаар сард нөхцөл байдал тогтворжсоноос хойш гал зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдлын тоо нэмэгдэж буйд Герман, Франц санаа зовниж байна. Бид нөхцөл байдлыг тэр дундаа Оросын цэргүүдийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хурцадмал байдлаас зайлсхийх, даруй намжаахыг талуудад уриалж байна. Бид Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа батлан мэдэгдэж байна. Нормандын дөрвөлд Герман, Франц зуучлагчийн хувиар Минскийн тохиролцоог бүрэн хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм зорилгоор байнгын яриа хэлэлцээ үргэлжилж байна” хэмээн мэдэгдэлд дурдав.


Түүнчлэн талууд Украин дахь Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны ажиглагчдын Тусгай төлөөлөгчийн газрын бүрэн эрхийг сунгах тухай шийдвэрийг магтан сайшаав.

 

Донбасст бараг өдөр бүр буудалцаан болж, бүс нутагт хоёрдугаар сарын сүүлчээр нөхцөл байдал хурцаджээ. Нөхцөл байдлыг хурцатгасны хариуцлагыг талууд бие биедээ хүлээлгэсэн байна. 

Холбоотой мэдээ