Орон нутагт европ стандартын мах, сүүний үйлдвэр байгуулах боломжийг танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-31 12:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Энэ үеэр Унгар Улсын ЭСЯ-ны Хөдөө аж ахуй, гадаад худалдааны зөвлөх Б.Анхбаяр Монголын бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг ашиглан, хөдөө, орон нутагт экспортын чиг баримжаа бүхий европ стандартын мах, сүүний үйлдвэр байгуулах боломжийг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.


Эхний ээлжид нэг аймгийг сонгон, жижиг хэмжээний үйлдвэр туршилтаар байгуулж, Унгарын Экспорт импортын банктай хамтран хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх боломжийг судлах аж.


ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Элчин сайд Борбала Анна Обрушанскид Унгарын Жижиг, дунд үйлдвэрийн  агентлагтай холбогдож, туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мөн Унгар Улсад зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулах, Монголд хамтарсан үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах талаар хэлэлцсэн юм.

 

Холбоотой мэдээ