Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-30 13:40:41

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын  (БХАТИХ) Байнгын хорооны гишүүд Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжжээ.


БХАТИХ-ын Байнгын хорооны 27-р хуралдаан гуравдугаар сарын 30-ны өглөө Бээжингийн Ардын хурлын ордонд хаалттай болсон байна.


“South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, Хонконгийн Үндсэн хуулийн I, II хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Байнгын хорооны бүх 167 гишүүн бүгд дэмжжээ.


БНХАУ-ын эрх баригчид тойргуудад шууд сонгууль явуулах замаар сонгогдох гишүүдэд Хонконгийн парламент буюу Хууль тогтоох зөвлөлийн ердөө 20 суудлыг үлдээхээр шийджээ. Хамгийн олон буюу 40 мандатыг сонгогчдын коллегид хуваарилахаар болсон бол 30 депутатыг салбарынх нь мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлнэ гэж тус сонин мэдээлсэн байна.


40:30:20 гэсэн энэхүү харьцаа нь бүх эрсдэлт хүчин зүйлийг арилгаж, ардчиллыг дэмжигч гэгддэг эвслүүд парламентын суудлын гуравны нэгийг авч, зарим хуулийн төслийг батлахад саад учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой ажээ. Хориг тавихын тулд 31 санал шаардлагатай бөгөөд Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэх юм.


Синьхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгийн Үндсэн хуулийн I, II хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох зарлигуудад гарын үсэг зуржээ.


Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг БХАТИХ гуравдугаар сарын 11-нд баталсан юм. 


Холбоотой мэдээ