Дотуур байранд байгаа сурагчдыг ар гэрт нь буцааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-29 10:30:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дотуур байрны сурагчдыг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч байна. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байранд 14 сумын 55 өрхийн 82 сурагч байна. Эдгээр сурагчдыг халдварын эрсдэлээс хамгаалах зорилгоор түргэвчилсэн шинжилгээнд хамруулан ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн машинаар хяналтын постуудад хүргэж, эцэг эх, асран хамгаалагчдад нь гараас гарт хүлээлгэн өгөх ажыг зохион байгуулж байна.

Мөн сурагчдыг гэртээ хариад гэрийн ажиглалтад байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах заавар зөвлөмжийг өгч байгаа аж. Гэр бүл нь халдварын улаан бүсэд байгаа болон отор нүүдлээр өөр аймагт хаваржиж буй гурван өрхийн таван хүүхэд дотуур байрандаа үлдсэн бөгөөд тэдгээр сурагчдыг чанартай хоол, хүнсээр хангах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаа аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ