НАТО-гийн сайд нар дорнод хил рүү цэргийн нэмэлт хүч илгээх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-14 14:16:16

БРЮССЕЛЬ. /TASS/. Оростой залгаа хил дээр цэргийн оролцоогоо өргөжүүлэх тухай асуудал нь 14-15-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотноо болох НАТО-гийн эвслийн Батлан хамгаалахын сайд нарын ээлжит уулзалтын гол сэдэв байх болно.

Энэ удаагийн уулзалт нь Польшийн Варшав хотод 7 дугаар сарын 8-9-нд болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хамгийн сүүлчийн арга хэмжээ болж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтаар Дорнод Европт НАТО-гийн нэмэлт хүчнийг байрлуулах газар орон, түүний бүтэц, цэргийн тоо, байрлуулах хугацааг тохиролцох ажээ.

Энэ үеэр эвслийн гишүүн орнуудын цэргийн зардлыг нэмэгдүүлэх тухай асуудлыг ч мөн хэлэлцэнэ. АНУ-ын зүгээс эвслийн гишүүн орнуудад хандан цэргийн зардлаа ДНБ-нийхээ 2 хувьд хүргэн нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ нь Европын зарим улсуудын хувьд цэргийн зардлаа 2 дахин өсгөхөд хүрнэ гэсэн үг юм. Йенс Столтенберг хэлэхдээ “ДНБ-ний 2 хувь гэдэг бол шударга байдалд нийцэх оновчтой тоо. Ингэснээр батлан хамгаалахын зардлын ачааллыг улс орон бүрт жигд хуваарилж буй хэрэг” гэжээ.

Түүнээс гадна, саммитын үеэр Афганистанд явуулж буй НАТО-гийн байлдааны бус ажиллагааг үргэлжлүүлэх, Ливи, Ирак, Украин зэрэг гуравдагч орнуудад дэмжлэг үзүүлэх төслүүдийг хэлэлцэх аж.

Батлан хамгаалахын сайд нарын уулзалт эхлэхийн өмнө болсон хэвлэлийн хурал дээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ “Балтын тэнгисийн орнууд болон Польшид олон үндэстний дөрвөн батальоныг байрлуулах гэж байгаа нь НАТО-гийн эвсэл гишүүн орон бүрээ хамгаалахад бэлэн байгааг сануулсан дохио болно” гэжээ. Гэхдээ тэрбээр батальонууд чухам хэзээ Дорнод Европт хүрэлцэн ирэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.

2016 онд тус эвслийн цэргийн зардал 1,5 хувиар буюу 3 тэрбум орчим доллароор өсөх төлөвтэй байна. Ерөнхий дүнгээр, НАТО-гийн цэргийн нийт зардал нь ОХУ-ын цэргийн зардлаас 10 дахин их байгаа аж.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ