Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-22 21:06:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. 

Хуралдаанаар энэ сарын 23-ны өглөөний 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурах хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад халдварын голомт бүртгэгдсэн /шар, улбар шар зэрэгтэй/ бүс рүү зорчих Дарханы харьяат иргэдийн хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт хийж байна.

Зорчих хөдөлгөөнтэй холбоотой батлагдсан түр журмын дагуу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил, хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, түлш шатахуун тээвэрлэлт хийх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд иргэний үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн аймгийн Шуурхай штабаас нэвтрэх зөвшөөрөл өгөх аж.

Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийнэ. Ингэхдээ Нийслэлийн Онцгой комиссоос шөнийн 23.00 цагаас 06.00 цаг хүртэл хотын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласантай уялдуулан Дарханаас Улаанбаатар хот руу 18.00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Уул уурхайн ээлж солилцооны тухайд ногоон бүсээс ирэх, явах иргэд асуумж бөглөн одоо мөрдөж байгаа журмын дагуу нэвтрэх бол халдвартай бүсэд ажиллаж буй уурхайн ажилчид аймгийн БОАЖГ-аас холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн зөвшөөрөл авах аж.

Мөн дулаарч байгаатай холбоотой иргэд амны хаалтгүй явах хандлага нэмэгдэж байна. Улаанбаатарт халдварын голомт нэмэгдэж буй учир тайвшрах болоогүй. УОК-ын даргын 20-р тушаалын биелэлтийг ханган ажиллахыг аймагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэдэд анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ