Омар Матин "Лалын улс"-тай холбоотой гэх баримт нотолгоо алга

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 09:37:11

ВАШИНГТОН. /ВВС/. Орландод халдлага үйлдсэн этгээдэд “Лалын улс” бүлэглэл зааварчилгаа өгч байсан гэх тодорхой нотлох баримт алга гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч Флорида муж улсын Орландо хотын ижил хүйстнүүдийн “Pulse” шөнийн цэнгээний газарт болсон уг халдлагыг терроризмын шинжтэй гэмт хэрэг гэж үзэн шалгаж байна гэж тэрбээр хэлэв.

Мөн Холбооны мөрдөх товчооны захирал хэлэхдээ “зэвсэгт этгээд интернэт сүлжээгээр түгээж буй хэт давруу үзлийн сурталчилгааны нөлөөнд автсан байсан” гэлээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трамп хэлэхдээ “Би ерөнхийлөгч болбол дэлхийн тодорхой зарим бүс нутгаас АНУ руу цагаачид нэвтрэхийг хориглоно” гээд "лалынхныг АНУ руу нэвтрэхийг хэсэг хугацаанд хориглох"-ыг дахин уриаллаа.

Зэвсэгт этгээд Омар Матин халдлага үйлдэхийнхээ өмнөхөн “Лалын улс”-д үнэнчээр зүтгэх болно гэдгээ тангараглаж байсан гэж АНУ-ын холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Обама Вашингтонд үг хэлэхдээ “сүүлчийн мөчид Омар Матин “Лалын улс”-д үнэнчээр зүтгэж буй нэгэн байна гэж хэлсэн боловч үнэндээ түүнийг тус бүлэглэлтэй холбоотой, зааварчилгаа авсан гэх тодорхой баримт одоогоор алга байна” гэсэн юм.

АНУ-ын түүхэнд болсон хамгийн олон хүнийн аминд хүрсэн уг халдлагыг цагдаа нар Матиныг устгаснаар зогсоосон билээ. Уг халдлагын үеэр мөн 53 хүн шархадсан байна.

Орландогийн Бүсийн эрүүл мэндийн төвийн мэдэгдсэнээр, эмчилгээ хийлгэж байгаа хохирогчдын биеийн байдал хүнд байна. Тэдний тавынх нь бие маш тааруу байгаа ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ