БНХАУ төсвийн алдагдлыг 3.2 хувь болгон бууруулж, батлан хамгаалах зардлыг 6.8 хувь болгон нэмнэ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-05 15:23:46

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод болж буй Хятадын “хоёр хурал”-ын үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайланг танилцуулав.

    Хятад улс энэ онд төсвийн алдагдлыг 3.2 хувь болгон бууруулж, батлан хамгаалах зардлаа 6.8 хувь болгон нэмэгдүүлж байгаа талаар Ли Көцян Ерөнхий сайд мэдээлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн онд төсвийн алдагдлыг 3.6 хувь байхаар тооцоолж байсан бол энэ онд 0.4 хувиар бууруулж 3.2 хувь хэмээн тодорхойллоо.

    Энэ нь мэдээжийн хэрэг цар тахлыг амжилттайгаар хяналтад авч, үр дүнтэй хязгаарлаж байгаа болон эдийн засаг аажмаар сэргэж байгаатай холбоотой. Мөн тэрээр дахин цар тахлын эсрэг улсын тусгай бонд гаргахгүй гэдгээ хэлсэн байна.

    Өнгөрсөн онд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Хятад улсын төсвийн алдагдал гурван хувийн улаан зураасыг давсан бөгөөд энэ үеэр Засгийн газрын зүгээс цар тахалтай тэмцэх зорилгоор 1 их наяд юанийн тусгай бонд гаргасан юм.   

    Харин өнгөрсөн 2020 онд Хятад улс батлан хамгаалах зардлаа 6.6 хувиар өсгөхөөр баталж байсан бол, энэ онд түүнээс 0.2 хувиар нэмэгдүүлж, батлан хамгаалах зардлыг 6.8 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр батлан хамгаалах зардал 1.35 их наяд юаньд хүрлээ.

Холбоотой мэдээ