Энэ сарын 13-наас хүссэн арилжааны банкнаас 1072 хувьцааны 30 хувьд тэнцэх мөнгийг авч болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-10 15:22:31

Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авах болсон талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НХҮЕГ-ын дарга Ц.Туваан нар сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд хувьцаагаа зарахыг хүсч буй иргэд  аль ч арилжааны банкинд иргэний үнэмлэхтэйгээ очиж, маягт бөглөж хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаж болно.

Монголбанк Арилжааны банкууд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар /НХҮЕГ/-тай хамтран хувьцааны мөнгийг хүүхдийн мөнгө олгодог зарчмаар  тулгалт хийснээр Төвбанкаар дамжуулан арилжааны банкин дахь иргэдийн дансанд мөнгийг шилжүүлэх аж. 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  ярихдаа, “Нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлнэ. Хувьцаа зарах иргэд ирэх 7 хоногийн Даваа гарагаас буюу энэ сарын 13-наас эхлэн арилжааны бүх банкуудад хандах боломжтой. Иргэн өргөдлөө өгснөөс хойш долоо хоногт багтаан хувьцааны мөнгийг данс руу нь шилжүүлэхээр заасан.  Өргөдөл гаргасан дарааллаар иргэдийн мөнгийн шилжүүлнэ. Зах зээлд  их хэмжээний бэлэн мөнгө бий болгохгүйн тулд 300 мянган төгрөгийг 3 хувааж иргэдийн дансанд хийх шийдвэр гарсан" гэлээ.

Хувьцааныхаа мөнгийг бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургалтын төлбөртөө авсан оюутнуудаас бусад 1 сая 657 мянган иргэн хувьцаагаа зарах эрх байгааг тэд хэллээ. Хувьцаагаа зарсан иргэн эргээд яг зарсан үнээрээ Засгийн газраас буцаан худалдаж авах боломжтой юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ